УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны захиалгаар “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулах болон хэлэлцэн батлах үе шатуудад анхаарах асуудлууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны ажилтан, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд хамрагдав.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үе шат, өргөн барих үйл явц”, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэн батлах үе шат”, Тамгын газрын Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням “Албан хэрэг хөтлөлт болон баримт бичиг зохион боловсруулах буюу төлөвлөх нь”сэдвээр, мөн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт Д.Бадамноров илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Сургалтад хамрагдсан ажилтнуудын оролцоог дэмжих зорилгоор Хууль, эрх зүйн хэлтсийн редакцийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Уянга, Парламентын судалгааны хүрээлэнгийн сургалтын албаны зөвлөх Д.Уянга нар идэвхжүүлэгч багшаар ажиллаж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үе шат болон албан бичиг хөтлөх, төлөвлөхөд түгээмэл тохиолддог асуудлуудын талаар дасгал ажил хийлгэв.
Сургалтын явцад илтгэгчид болон идэвхжүүлэгч багш нар сэдэв тус бүрээр оролцогчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, тэдний ажилд тулгамддаг зарим асуудлын талаар ярилцаж саналаа хуваалцав.
Сургалтын төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Амарбаясгалан сургалт амжилттай болсонд талархсанаа илэрхийллээ.