Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун уртаас Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд баригдах төмөр замын төслүүдийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Нийт 846 км, 1.1 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн орд төмөр замын үндсэн шугамтайгаа холбогдож байна гэсэн үг. Үүнийг дагасан маш олон ашигт малтмалын орд газар бий.
Тодруулбал, 37 ашиглалтын лиценз байгаа. Энэ бүх орд газар эдийн засгийн эргэлтэд орно. Бид цаашлаад Сайншандаас-Баруун-Урт, Баруун-Уртаас-Чойбалсан, Чойбалсангаас-Эрээнцав хүртэл төмөр зам тавина.
Мөн энэ чиглэлд маш олон ашигт малтмалын орд газар бий. Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаар төмөр зам дайрна. Энэ нь тус аймгийн хөгжилд том хувь нэмэр оруулах нь ойлгомжтой.
Түүнчлэн Хөөтөөс Бичигтийн чиглэлд төмөр замаа холбочихно. Ингэснээр Дорнодын Эрээнцаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хооронд ОХУ, БНХАУ төмөр замаар холбогдоно. Энэ замаар ОХУ-аас БНХАУ руу, БНХАУ-аас ОХУ руу транзит ачаа тээвэр явж эхэлнэ.
Зөвхөн ачаа тээврийн эргэлт нэмэгдэхээс гадна иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ. Үүнийг дагаад Монгол Улсад маань олон мянган ажлын байр нэмэгдэнэ. Газрын тосны үйлдвэрийн төмөр замыг тавихад л 200 хүн ажлын байртай болж байна.
Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж байна. Хэрэв бид гаднынхнаар төмөр замаа тавиулсан бол нэг км-ын өртөг нь 3-3.5 сая ам.доллар байх байсан. Харин монголчууд өөрсдөө нэг км төмөр замыг дунджаар нэг сая ам.доллараар тавьж байна” гэлээ.