Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажил өчигдөр эхэллээ.
Энэ зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах байсан ч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн төдийгүй үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.
Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра: “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Одоогоор 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа” гэв.
Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс