Улсын ургацын комиссын өнөөдрийн хуралдаан дээр Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан аймгийнхаа ургацын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав. Тус аймаг нийт 119,088 га эргэлтийн талбайтайгаас одоогийн байдлаар 97,254 га-г эзэмшээд явж байна. Жилд 101 ААН, 80 иргэн үр тариа тариалдаг. 511 өрх төмс, хүнсний ногоо тариалж байна.
Сайдтай байгуулсан гэрээгээр 42 мянган га-д үр тариа, үүнээс 41 мянган га-д улаанбуудай тариалах байсан бол үр тариа 38,295, үүнээс улаанбуудайг 37,380 га-д тариалжээ.
Тариалалтыг чанараар дүгнэвэл
6.28% нь онц
91.2% нь сайн
2.52% нь дунд үнэлгээтэй байна.
Аймгийн урд бүсийн сумдад ургац оройтжээ. Өндөр хүүтэй зээл аваад тариалалт хийсэн иргэдийн хувьд тариаланчдад олгох 154 тэрбум төгрөгийн зээл хүлээлт ихтэй байгааг тэрбээр хэллээ. Мөн ургац хураалтад 230 оюутан хэрэгтэй байгааг хуваарилж өгөхийг хүсэв.
Тариаланчдын зүгээс энэ жил нэвтэрч байгаа ургамал хамгааллын төрөл бүрийн бодис чанарын шаардлага хангахгүй, зэрлэг ургамал устахгүй байгаа гомдол санал олноор ирснийг мөн дуулгалаа.