Ургацын урьдчилсан байдлаар манай улс өнгөрсөн жилийнхээс улаанбуудай 80,000, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19,000 тонноор ахиу авах төлөвтэй байгааг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комисс(УУК)-ын дарга З.Мэндсайхан УУК-ын өнөөдрийн хурлын үеэр танилцууллаа.
Урьдчилсан байдлаар:
- 513,000 тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай
- 237,000 тонн төмс
- 113.6 мянган тонн хүнсний ногоо
- 32.8 мянган тонн тосны ургамал
Зургаадугаар сарын тариалалтын ихэнх бүс нутгаар 7-14 хоног үргэлжилсэн хэт халалт, зун, намрын бороо долдугаар сарын 5-наас их бага хэмжээгээр тасралтгүй орсоор байгаа, зарим бүс нутагт таримлын болц орой, хяруунд өртөх нөхцөл үүсэж болзошгүй байгаа зэрэг нөхцөлийг харгалзаж, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх буудайг 20% бууруулж тооцсоныг УУК-ын нарийн бичгийн дарга, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга В.Үнэнбат тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 398,000 тонн буудайн хэмжээг 20% буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцоход 314.4 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэж үзжээ.
Энэ нь жилийн 230 мянган тонн гурилын хэрэгцээтэй манай улсын хувьд 100% дотоодын хэрэгцээгээ хангах дүн юм. Төмсний ногоогоор ч мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгааг тэрбээр хэлээд дараах мэдээллийг өглөө.
- Нийт ургац хураах талбайн 70% орчим нь аарцан болцын үед, 30% нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байна.
- Сэлэнгэ, Төв, Дархан, Увс, Ховд, Дорнод, Хэнтий аймгийн ургац бүхэлдээ хэвийн, жигд сайн байгаа. Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ургац нарны хэт халалт гангийн улмаас бага зэрэг буурахаар байна.
- Ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Дорнод аймаг нийт 3.8 мянган га талбайгаас ургац алдах, болц дутуугаас 7.2 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна.
- Техникийн бэлэн байдлын хүрээнд үр тарианы 1,020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологитой, 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа.
- Үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг тоног төхөөрөмж, төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг техник ажилд бэлэн байна.
- Ургац хураалтыг 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэсэн тооцоо гарлаа.
- ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусиас төмс хураах зориулалттай 50 трактор, төмс ухагч 30, гурван комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.
- Улсын хэмжээнд үр тариа хадгалах 520 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас ХАА-г дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн бүхий агуулах ашиглагдаж байна. ХАА-г дэмжих сангаас таван байршилд байгаа 146 мянган тоннын элеваторт ариутгал засвар үйлчилгээг хийв.
Улсын хэмжээнд ургац тээврийн гол 16 чиглэлд 394 км замын засварын ажилд нийт 592 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж УУК-т ирүүлсэн.
Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн 11 байршилд 176 км зам буюу 268 сая төгрөг
Булган аймгийн хоёр байршилд 144 км буюу 204 сая
Төв аймгийн гурван байршилд 74 км буюу 120 сая төгрөгийн замын ажлыг хийх шаардлагатай байна гэлээ.
Уулзалтын үеэр Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ХХАА-н газрын дарга нар ургацын урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.