Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал маргааш “Туушин” зочид буудлын “Сүлд” танхим болно. Хурлыг МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлагаар “Нэг зорилго, нэг баг” уриан дор зохион байгуулах гэнэ.
Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ээс энэ оны ихэнх тэмцээнийг цуцлаад байгаа билээ. Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна.
Үүнд:
-U-23 насны ДАШТ-ийг арваннэгдүгээр сарын 23-29-нд Финляндын Тампере хотод.
-Залуучуудын ДАШТ-ийг арванхоёрдугаар сарын 4-10-нд.
-Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг арванхоёрдугаар сарын 12-20-нд Сербийн Белград хотноо зохион байгуулахаар товлогдсон байна.
Иймд дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол Улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг тус хурлаар хэлэлцэн батлах юм байна.
Мөн 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хугацааг товлох, олимпийн эрхийн тэмцээн болон олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хамтдаа хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргах ажээ.