БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дараагийн гадаад уулзалтаар АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческитэй уулзлаа. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудалд голлон санал солилцсон юм. Тухайлбал, агаарын бохирдол, усны асуудал, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечиски: “Бидний анхаарал хандуулж байгаа эхний асуудал нь агаарын бохирдол юм. Монгол орны агаарын бохирдлыг бууруулах, чанарын хэмжилтийг хийдэг болоход бид анхаарч ажилласан. Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангаар дамжуулан усны чанарыг хэмжих ахисан түвшний лабортори байгуулах талаар ярилцаж байна. Хэрвээ энэ ажил хэрэгжвэл Монгол орны хувьд нэлээд ач холбогдолтой ажил болно гэдэгт итгэж байна. Мөн АНУ-ын Денали Үндэсний парк ба Отгонтэнгэрийн дархан цаазат газар хамтран ажиллаж ирсэн. Бидний зүгээс уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Юуны өмнө АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Мянганы Сорилтын сангаар дамжин хэрэгжих Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн 2 шатны төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна. Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний парк ба Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэх таны саналд талархаж байна. Өмнө нь манай байгаль хамгаалагчдад туулах чадвар сайтай орчин үеийн мотоцикл болон шаардлага хангах хувцас, хэрэглэлийн тусламж үзүүлж байсан нь нүдээ олсон ажил байсан. Энэ тусламж, дэмжлэг үргэлжилнэ гэж итгэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ