Нарны зам, Дүнжингаравын замыг холбосон нүхэн гарц хийгдэж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус ажлыг энэ сарын 06-ны өдрийг бүрэн хийж дуусгах талаар “Бумбод” компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын түгжрэл ихтэй энэ үед шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг хийдгээ болих хэрэгтэй. Аль болох иргэдийн амарч зугаалж байгаа цаг хугацааг ашиглаж, засвар хийх хэрэгтэй. Ажлын уялдаа холбоогоо сайжруулж мэдээллээ нэгтгэж ажилла. Хэдийгээр цэвэр усны төвийн системд холбож байгаа нь сайшаалтай боловч, сургууль цэцэрлэг орсон үед зам хааж, шугам сүлжээ засварлах нь иргэдийг бухимдуулж байна. Хоёр ээлжээр ажиллаж, чанарын өндөр түвшинд ажлыг яаралтай гүйцэтгэ” хэмээлээ.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа автозамын бүтээн байгуулалтад төлөвлөлт, хяналтын чиглэлээр хамтарч ажиллах саналыг бодлогын яамдуудад хүргэнэ. Ингэснээр автозамын чанар үзүүлэлт сайжирч, хяналт бий болно гэдгийг онцолж хэллээ. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Бумбод” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Нарны зам, Дүнжингаравын автозамыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн гарц, 14 метрийн өргөн 2.38 урттай автозам баригдаж эхэлсэн юм.

“Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй газраа сунгасан гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, автозамын ажлыг чанарын өндөр түвшинд, технологийн горим алдагдуулалгүйгээр хийж гүйцэтгэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Тус автозамыг Мотор Сервис ХХК, Алтай рөүд ХХК түншлэлээр хамтран гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн