УИХ-аас өнгөрсөн долоо хоноги 2020 оны төсвийн тодотголыг баталсан юм. Энэ удаагийн төсвийн тодотголд 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1,446 төсөл хэрэгжүүлж, 2020 онд 514 барилга байгууламж ашиглалтад оруулахаар тусгасан тухай сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.
Түүний мэдээлснээр нийт 134 сургууль баригдаж байгаагаас 2020 онд 51 сургууль, баригдаж буй 145 цэцэрлэгээс 72 нь тус тус ашиглалтад орох аж.
Улмаар 75 эмнэлэг баригдаж буйгаас энэ онд 44 нь ашиглалтад орох бол 107 авто зам, гүүрийн байгууламжаас 104 км урт 28 авто зам, есөн гүүрийг дуусгах юм байна.
Мөн 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан дамжуулах зургаан дэд станц ашиглалтад орж Дорноговь аймгийн дулааны станц шинэчлэгдэнэ.
Түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл болох Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдаж буй Чингис хааны музей болон Үндэсний номын сангийн шинэ барилга энэ онд бэлэн болох юм байна.