Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.01/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 25.2 сая хүн өвчилж, 857 мянган хүн нас баржээ. 17 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 264 мянган хүн шинээр Ковид-19 халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 4993 хүн шинээр халдвар авч, 53 хүн эндлээ. БНХАУ-д 199 тохиолдол шинээр бүртгэгдсэний 10 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол гэжээ. Япон улсад коронавирусийн 429 шинэ тохиолдол бүртгэгдэж 12 хүн эндэж өвчлөл өмнөх долоо хоногоос буурах хандлагатай байна. Японд амны хаалт зайлшгүй зүүх ёстой гэдэг журмыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
БНСУ-д 235 хүн шинээр коронавирусийн халдвар авсны 13 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэж үзлээ. Тус улсын өвчин судлалын заавраар аль болох хавьтлыг эрт илрүүлэн гэрт нь тусгаарлах арга хэмжээг авч байна. Мөн кофе шоп, ресторанд үйлчлүүлэхгүй гэрээр зөөвөрлөн үйлчлүүлэхийг илүүтэй үзэж бөөгнөрлийг багасгах ажлыг хэрэгжүүлсээр байгаа гэнэ.
ДЭМБ-аас өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Уг хурлаар “Бид коронавирустэй нүүр тулаад 8 сар өнгөрч байна. Бид маш их хохирол амссан хэдий ч асар их зүйлийг хийж, тэмцсээр байна. Бүх улс орон, хувь хүн халдварыг хяналтандаа оруулах, аюулгүй эрүүл амьдрах орчинг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Нэг хүн ч гэсэн өөрийгөө халдварын аюулаас ангид гэж бодож болохгүй” хэмээн анхаарууллаа.
Манай улсад өчигдөр 409 хүн шинээр тусгаарлалтад орж, 25 хүн тусгаарлалтаас гарч, 3813 хүн ажиглалтад байна.