Зургийн тайлбар: Афганистаны гол 3 угсаатны нэг хазара хүүхдүүд
…Манайхан Хазаруудыг Монгол угсаатан гээд байгаад гайхах юм. Тэд монголжуу төрхтэй л дээ, учир нь Хазарын хаант улс Каспийн хойд эрэг, Ижил мөрний цутгалан орчмын нутгийг эзлэн хүчирхэгжиж байсан нь яг Дорнынхны өрнөд рүү нүүдэллэдэг тал нутгийн улаан зам дээрх, тоссон нутаг юм. Олон зуу, мянган жил дамнан Хазаруудын төрх “монголжсон”. Хангай Хэнтийн өвөр Халхын талаас Алтай даван нүүгсэд Хивчаагийн буюу одоогийн Казахстаны уудам нутгийг дайрч Ижил орчмын сахлаг өвст талын бэлчээрт хүчээ сэлбээд өрнийг дайлдаг байв. Хожим Бат хаан ч тэгсэн. Торгуудууд ч бас…
Үнэндээ Хазаруудтай Монголчууд биш Булгарууд илүү ойр хамаатан юм. Хазарын хаант улс X зуунд задрахад Болгарууд цааш, Хазарууд уул өгсөж нүүсэн юм. Хэрэв баруун тийш нэвтрэх аргагүй хориг саад тулгарвал Кавказ руу өгсдөг байжээ. Газар зүйн онцлог ингэж таардаг бөгөөд хэрэв эсэргүүцэгчид нүүдэлчдийг хойд талаараа алдвал өөрсдөө Каспий руу шахагдан цохиулдаг, тиймээс хойд талаа бэхэлж Каспий руу шахвал дорнод талаас очигсод гарцаагүй Кавказ руу оддог юм. Осет, Аваруудтай л адил. Тэд Табгач, Жужанчууд гэдгийг бид мэднэ. Мянган жилийн хугацаанд Болгарууд евроид, Хазарууд Монголоид болчихжээ. X зууны Хазарууд илүү евроид төрхтэй байсан бололтой, гэв ази төрх хүчтэй шингэж байжээ. Харин Төмөрийн угсаа “Их Могол”-ыг байгуулахдаа Энэтхэгийг дайлахад Хазарууд хүч хавсарч, тэр цагаас Афганы хойд нутагт нутаглажээ. Тиймээс хэрэв өнөөгийн Афганиас Монголчуудыг хайя гэвэл Хазаруудыг биш харин Моголчуудыг хайх хэрэгтэй. Хазар хэлнээ Монгол үгс, Хазар хүнд монгол нэр олонтаа өгсөн нь ойлгомжтой, угаасаа Цагадайн угсааныхны мэдэлд хагас мянган жил болсон. Ер нь тэгээд ч Цагадайн улсын нутагт Чингис гэдэг нэр Мухаммедтай адил тархмал нэр болсон. Ямар ч эрдэмтэн Афганиас Монгол угсаатан эрэхдээ Хазаруудыг гэдэггүй. Харин манайхан тэднийг хамаатан гээд байгааг харин би их өөрөөр хардаг. Америкчууд Афгани дахь хяналтаа Хятадад шилжүүлэх тухай хүчтэй ярьж байсан хэдэн жилийн өмнөөс манай өнөөгийн Ерөнхийлөгч нэг удаа Америк явж ирээд гэнэт л Хазаруудад хайр зарлаж эхэлсэн. Ердөө тун саяхнаас Хазара хамаатнаа олсон. Ямар ч ШУ-ны нотолгоогүй ч бид садансаж эхэлсэн. Харин сүүлийн жил хажиглах болов. Энэ Хятадуудын хориг саадтай холбоотой биз. Орос-Хятадыг холбосон Казахстанаар дайрсан даацын авто зам, төмөр замын шугам бол ЗХУ-аас дорнод Туркестаныг зэвсэглэж байсан зам. Орос, Хятад хоёр Казахыг шахаж байгаад энэ замыг холбож авсан, харин бид цахдаад үлдсэн. Энэ замын аюулгүй байдлын төлөө Хятадууд Тажигийг улам цааш түрж, Монгол дахь АНУ-ын нөлөөллийг бууруулахыг чармайж байна. Д.Трамп үүнийг мэдэхгүй байх, харин манай унхиагүй улстөрчид Хилларид тэгтлээ дурлаж бооцоо тавьснаас нэгмөсөн алдсан нь төдий. Гэхдээ зовж зүдэж байгаа Хазарын ардтүмэнд туслах нь удам угсаа нэг байх эсэхээс үл хамаарна.
Бүр Л.Н.Гумилёвын “Каспийн эрэгт мянган жил” алдарт бүтээлд ч Хазар бол Монгол угсаатан гэж баталдаггүй, харин их талын өрнөд хаалганд байсан хүчирхэг нүүдэлчид л гэдэг.
М.Саруул-Эрдэнэ докторын орчуулсан Рамстедтийн “Дорно этгээдэд долоон удаа” ном их сонирхолтой юм. Тэр тусмаа Афганаас Монголчуудыг хайсан тухай хэсэг. Тэгэхэд ч бас иймэрхүү, гэхдээ бүр соёлжсон фин үндэстэнтэй холбоотой андуурал байсан тухай нэг түүх байна. Оросын Афгантай хиллэсэн хилийн бэхлэлтийн их бууны нэгтгэлийн дарга Шведээр ярьдаг хурандаа Крусенстерна (фин хүн?) “Монголчуудыг Афганаас олохгүй, харин Хельсинкээс бол олноороо олдоно, жинхэнэ финчүүд бол Монгол юм” гэж итгэлтэй өгүүлдэг. Тэр үед финчүүдийг бидэнтэй, “олддоггүй Моголчуудаас” илүү ойр хамаатан гэдэг байж дээ…
Тэгээд бэхлэлтэд ажиллаж байгаа хүмүүсээс хоёр могол хүн олж, тэд Рамстедтийн хэлсэн монгол үгнүүдийг сонсож байснаа хоорондоо “Мана кэлэ мэдана” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл XX зууны эхний Моголчууд “монголоор” иймэрхүү ярьж байж. Үүний дараа баярласан Рамстедт “Монголчууд олдлоо” гэсэн цахилгаан явуулаад тагнуулын хэрэгт сэжиглэгддэг. Бүр гайтай нь нөгөө моголчууд оргож, зугтаад бүр ч аюултай юм болдог… Бас нэг иймэрхүү сонирхолтой бөгөөд маш үндэслэлтэй судалгаа бол Японы эрдэмтэн Үмэсао Тадао “Могол угсаатныг судалсан нь” ном юм. Одоохондоо миний санаанд байгаа Афгани дахь Монголчуудын тухай хамгийн сонирхолтой номууд бол энэ хоёр байна. Энэ хоёр номыг түүх, хэл сонихдог хүн заавал унших хэрэгтэй шүү. Тэндээс ч Афганийн Хазарууд биш Моголчууд бидний хамаатан болохыг ойлгоно. Тэднийгээ урьцгаая! Байвал шүү, пушту, хазааруудтай эрлийзжээд дууcчихсан ч байж мэдэх! Харин Монголд сурч байгаа Хазар оюутнуудыг эндээ яаж ийгээд төгсгөчихвөл…
А.Баатархуяг
4 comments
хагас нүүдэлчин Турэг гарлын хүмуус Хэл нь перс хэлний салбар Турэг Монгол үгс байдаг гэсэн Ер нь Турэг ба Монголчууд дундаа олон үгтэй Монгол болон Түрэгүүдтэй цус холилдсон гэхдээ бүгд биш Зарим нэг Хазарууд Афганстанд байгаа ” дахь том үндэстэн
Хазара хунтэй уулзаж ярьсан хун толгой тохой алга гэхчлэн зендее угууд нь монгол бна гэж байсан.
baatarhuyag chi anduuraad bna ter hzar bishee chi hasag donii kozak shig neren deer anduuraad bna
hazara bol 1000 gesen pers ug ted bol mongol garaltai chinii yriad bga hazar bol odoogiin tatar bashkirt usaad alga bolson