Сүүлийн өдрүүдэд банк санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээлэл нийгмийн хүрээнд анхаарал татсан сэдэв болон хувираад буй. Арилжааны банкуудын үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, цалингийн зээлийн хүүг тэглэх, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай хангалттай улстөржиж байгаа. Нөгөөтэйгүүр, Төв банкинд хийсэн улс төрийн зорилго бүхий шалгалтын дүнгээс үүдэж мөн л хэдэн их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн гэх хэтэрхий үндэслэл муутай, улстөржсөн шуугиан ч нийгэмд хүчээ авчээ.

Валютын ханшийг тогтвортой байлгах, банкны салбарт өрсөлдөөн бий болгохын тулд гэсэн халхавчаар гадны банк оруулж ирэхээр санаархсан Б.Жавхлан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөн л нийгмийн анхаарал татсан сэдэв болоод байгаа юм.

Энэ мэтээр эдийн засгийн гол тэтгэгч хүч, иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон банк санхүүтэй холбоотой асуудлаар эрх баригчид дур зоргоороо шийдвэр гаргасаар байна. Банк санхүүтэй холбоотой дараагийн анхаарал татсан асуудал бол 100 сая төгрөгөөс дээшхи хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах шийдвэр. Ерөөс энэ асуудал жилийн жилд УИХ-аар яригддаг ч баталж байсан удаагүй.

Банкны эздийн лобби, төрд сууж буй бизнесмэн, баячуудын эрх ашиг хөндөгддөг учраас дуулиан болгож яриад л хав дараад өнгөрдөг байлаа. Гэтэл Олон улсын валютын сангийн шахалтаас үүдэн хадгаламж эзэмшиж буй иргэдээсээ татвар авахаас аргагүйд хүрсэн билээ. Улмаар УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцсэн Төсвийн тодотголоор батлагдсан энэхүү шийдвэр тавдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм.

Харин ирэх оны наймдугаар сараас бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар хуульчилсан. Бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувиар татвар авч эхэлснээр 2017 онд 43, 2018 онд 88, 2019 онд 84 тэрбум төгрөгийг тус тус улсын орлогод төвлөрүүлнэ гэж тооцоолсноо Сангийн яамны удирдлагууд УИХ-д танилцуулж байлаа.

Өөрөөр хэлбэл, Иргэн Дорж та хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж хадгалсан 8.000.000 төгрөгөө 12 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан бол жилийн хүү нь 1.280.000 төгрөг болно. Шинэ хэрэгжих хуулиар энэхүү орлогоос 10 хувийг төр авна гэхээр та 128.000 төгрөгийн татварт төлнө гэсэн үг юм. Мэдээж үүнийг хүн болгон хүлээн зөвшөөрөхгүй. Хуруу хумсаа хугалан байж цуглуулсан мөнгөнөөсөө зүгээр харж суугаад татвар төлөхийг хүсдэг хүн гарын 10 хуруунд л багтах цөөхөн байх биз.

Иргэд хадгаламжаа татаж, байр болгож байгаа гэнэ үү

Сангийн сайд Б.Чойжилсүрэн анх энэ асуудлыг хэлэлцэх үеэр манай иргэд хадгаламжаа татахгүй байх “сайхан” сэтгэлтэй гэж найдаж байна хэмээн ярьж билээ. Гэвч сайдынх шиг сайхан сэтгэл баячуудад байдаггүй бололтой.

Банк санхүүгийн салбарын нийт хадгаламж нь ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хэмжээнд байгааг банкны эх сурвалж дуулгасан. Эндээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд Монгол Улсын нийт хүн амын таван хувь буюу ердөө 6000 орчим хүн байдаг аж. 10-90 сая төгрөгийн хадгаламжтай нь 70 орчим мянга, 10 сая төгрөгөөс доош хадгаламжтай нь хоёр сая орчим байдаг гэсэн тоон судалгаа байгаа юм.

Тэгвэл банк санхүүгийн салбарын цусны эргэлтийн мөнгийг хадгаламждаа хийчихсэн байдаг 6000 иргэнээс чамгүй хувь нь хадгаламжаа татаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулна, эс бөгөөс хадгаламжаа татна гэх дарамт ч банкны салбарт ирдгийг үгүйсгэх аргагүй. Хүссэн ч эс хүссэн ч эдгээр 6000 хүний мөнгөөр банкны салбар байранд зээл олгож, Дорж, Дулмаад цалин, тэтгэврийн зээлийг тавьж байгаа нь бодит байдал.

Банкинд хадгалуулах нь ашгаа өгөхөө больж, хүүгийн орлогоос мөнгө татаж эхлэхээр тэд мэдээж өөр салбарт хөрөнгө оруулах, эс бөгөөс гудсандаа хийгээд хэвтэхийг илүүд үзэх нь тодорхой. Угтаа төрийн гаргасан энэ шийдвэр арилжааны 14 банкны амыг барих гэсэн оролдлого болж хувирчээ. Банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 8.8 хувь болж, 2015 оноос хойш ашигтай байгаа гэнэ лээ. Гэвч ипотекийн зээлийг хааж, гадны банк оруулж ирэхээс гадна хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар энэ салбарт юу болох нь тодорхой байгаа юм.

Банкны салбарын эх сурвалжийн хэлж буйгаар хадгаламжаа татсан иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, байшин, газар, хашаа байшин болгох нь банкинд хадгалуулахаас илүү найдвартай гэж тэд үзсэн хэрэг. Мөн Хөрөнгийн зах зээлд мөнгөө оруулахыг хүсдэг ч одоогоор манайд энэ салбар хараахан хөгжөөгүй байгаа юм. Хувьцаа авах хүсэлтэй иргэд олон байгаа ч мөн л улстөржилтөөс үүдэж компанийн хувьцаад итгэх итгэл буурчихаад байгаа гэх.

Амжилттай ажиллаж яваа компани эрх баригч намын эзэнтэй л биш бол дампуурдаг, эс бөгөөд төрөөс мөнгө идсэн уусан хэрэгт холбогдож улмаар хувьцаа нь унадаг бичигдээгүй хууль манайд амь бөхтэй оршсоор буй юм. Бизнесийн салбарт улс төрийн нөлөө хэт их орсны улмаас хувьцаа худалдан авч аз туршдаг хүмүүс ч байхгүй болоод байгаа юм.

Энэ мэтээр банкны салбарын бодлогын эсрэг гаргасан төрийн буруу шийдвэр олон талаар хор хөнөөл дагуулж эхэллээ. Иргэдийн банкинд итгэх итгэл суларч, мөнгөө татаж эхэлснээр зах зээлд бэлэн мөнгөний хомсдол бий болж байгаа нь худлаа биш. Төгрөгийн ханш улам л суларч, хаа сайгүй мөнгөний эрэлд гарцгааж байх жишээтэй. Банкууд хадгаламж нь буураад ирэхээр мэдээж зээлийн бодлогоо хумиж таараа.

Ингэснээр ипотек, цалин, тэтгэврийн зээл мөн л хязгаартай болно. Зарим нь өгөх ч үгүй байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлд олгодог байсан зээл улам л хязгаартай, шалгуур өндөр болж тэр хэрээр бизнесийн орчин муудаж, үйлдвэрлэл эрхлэгчид дампуурлаа зарлах билээ. Энэ мэтээр сөрөг зүйл хэтэрхий их байна.

Магад эрх баригчдын дотор дотоодын банкуудаа дампууруулчихаад гадны банк оруулж ирэх “адын хүсэл” нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Том лобби, том эрх ашгийн төлөө тэд алхам алхмаар дотоодын хэдэн банкуудаа тонож, бодлогоор дарамталж, улмаар аргагүй байдалд оруулсны дараа гадны банк санхүүгийн байгууллагад найр тавих ч юм билүү хэн мэдлээ. Хэнд ч хардах эрх бий.

Ингэж бичлээ гээд банкуудыг өмөөрөх гэсэнгүй. Гагцхүү нэг эзний тушаалаар хөдөлдөг эдгээр банкууд чинь нэг л өдөр бүх төрлийн зээлээ хаагаад, үйлчилгээ үзүүлэхээ больчихвол үр дүнд нь ард түмэн бид элгээрээ мөлхөх нь тодорхой. Төр нэг сая төгрөгийн зээл өгчихгүйгээс хойш хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, нэг зээлнээс нөгөө зээлийн хооронд амьдарч яваа иргэддээ гавьяа байгуулахгүй юм гэхэд гай битгий болооч гэж хүсэх байна.

Эх сурвалж: foxnews.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн