УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас нэг төсөл арга хэмжээг хасч, 34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилжээ.
Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг 12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Мөн хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын дөрвөн төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгажээ. Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын төсвийг 301.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын эргэн төлөгдөх цэвэр зээлийн зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 536.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын урсгал зардлыг дөрвөн тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болжээ.
Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Түүнчлэн хуулийн төсөл бүрийг бүхэлд нь батлах санал хураалтыг тус бүрд нь явуулахад Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 68.2 хувь нь дэмжсэнээр, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 61.5 хувь нь дэмжин баталсан юм.