МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, олон улсын ЭКСПО-д хамтарч оролцох зэрэг асуудлаар санал солилцлоо.

МҮХАҮТ нь 2019 оны эцсээр Монголын ААН-ийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахаар цахим худалдааны платформыг албан ёсоор эхлүүлж, 2020 оны  нэгдүгээр сард эхний ачилтыг хийсэн ч цар тахлын улмаас зогсоод байгаа юм. Энэ мэт дотоодын ААН, экспортыг дэмжсэн төслүүд зогсоод байгааг уламжилж, экспорт хийж буй компаниудад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо.

Мөн Дубай ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл хангаж, төсвийг шийдүүлсэн ч уг арга хэмжээ хойшлоод буй. Ирэх оны төсөвт уг санхүүжилтийг хэвээр үлдээх, Монгол Улсын гадаад сурталчилгаа, худалдаа бизнест чухал ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгөхийг Гадаад харилцааны сайдаас хүслээ.

Сайд Н.Энхтайван бизнес эрхлэгчдийг дэмжиж, МҮХАҮТ-ын үйл ажиллагааг дэмжих нь ГХЯ-ны үүрэг хэмээгээд МҮХАҮТ-аас тавьж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсны дагуу экспортыг дэмжих стратеги гаргах, Гадаад худалдааны хууль батлуулах, хөрөнгө оруулалт хариуцсан бие даасан нэгж ГХЯ-ны дэргэд байгуулах зэрэг бодлогын олон өөрчлөлт төлөвлөснөө танилцуулав гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн