Монголбанкнаас эдийн засгийн үзүүлэлтүүд, санхүүгийн тогтвортой байдлын тайлангаа танилцууллаа.
Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9 хувь ашгих хүлээлттэй байгаа нь урьд өмнө болсон 2008-2009 оны эдийн засаг, санхүүгийн хямралаас нэлээд өндөр үзүүлэлт гэж дүгнэж байна.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр экспортын орлого буурсан нь 2020 оны хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцлийг 679.2 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн. Төсвийн алдагдал 2020 оны эхний зургаан сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.4 хувиар буурч, төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.
Үүнээс гадна цар тахлын нөлөөнд өртсөн иргэд, ААН-ийн орлого үлэмж хэмжээгээр буурснаар зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч, санхүүгийн салбарт эрсдэл үүссэн байна.
Нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Засгийн газар багц арга хэмжээ хэрэгжүүлсэн бол Монголбанк бодлогын хүүг хоёр удаа бууруулж, 9 хувьд хүргэх, хэрэглээний зээлийг 12 хүртэл сараар хойшлуулах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах гэх мэт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлсэн.
Мөн банкны системд хийсэн стресс тестийн үр дүнгээр цар тахлын нөлөөгөөр банкны системийн ашигт ажиллагаа буурч, зээл олголт буурсан боловч өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт алдагдахааргүй байна” гэв.
Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт 2020 оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөж, 21.5 их наяд төгрөгт хүрсэн байна.