УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ю.Цэдэнбалын үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон түүний гэргий Цэдэнбал-Филатова нарыг цагаатгуулах асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрчээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Ю.Цэдэнбалын үр хүүхэд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дахин шинээр өргөдөл, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан ийнхүү шүүхэд хандаж байгаа юм байна.
1984 онд Ю.Цэдэнбалыг албан үүргээс нь чөлөөлөөд зогсохгүй, эх орондоо амьдрах эрхийг нь хязгаарлаж, паспортыг нь хураан авч 1991 онд насан эцэслэх хүртэл нь долоон жилийн турш эхнэр А.И.Цэдэнбал-Филатовагийн хамт гэрийн хорионд байлгаж байв. Тэдний төрөөс хүртсэн алдар цол, гавьяа шагнал, тэтгэврийг хасах, хувийн эд хөрөнгийг хураах, үзэн ядуулах ажлыг хэвлэлээр зохион байгуулж чичлэх зэргээр хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан, шударга бусаар хэлмэгдүүлж байсан нь баримтаар тогтоогджээ.
Монгол Улсын хөгжил дэвшил, хүүхэд залуучуудын төлөө санаачилж хийсэн ажлуудыг нь үнэлж А.И.Филатовад олгосон төрийн цол, шагналыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар хураан авч, хассан. Өнөөдрийг хүртэл уг зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээхийг хичээхгүй байна гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа хэлж байв.
Нутагтаа амьдрах эрхийг нь хааж, эх орондоо ирэх боломжийг нь хориглосон, гэр бүлийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, гэрийн хорионд оруулсан, эд хөрөнгийг нь хураан авсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ийн “Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Уг нь 2014 оны аравдугаар сарын 22-нд УИХ-ын дэд дарга Л.Цогийн захирамжаар хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг байгуулж, “Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй” хэмээх санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргэжээ. Гэтэл Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгасан хууль ёсны шийдвэр өнөөг хүртэл гараагүй байна.
Иймд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу, цагаатгуулах тухай гомдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн дарга С.Одонтуяа “Түүх, цаг хугацаа хэмээх шудрага шүүх Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулсан хоёр буурайг хэдийнээ цагаатгасан. Одоо Иргэний хэргийн шүүх ажлаа хиймээр байна. Монгол Улсын эрх ашигт ямагт үнэнчээр зүтгэж, бүхнээ зориулж асан Ю.Цэдэнбалын түүх, үйл хэрэг үнэнээрээ тогтоогдох ёстой хэмээн Монголын ард түмэн үзэж байна” гэлээ.