Их, дээд сургууль, коллежын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх журмыг БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Сургууль, дотуур байрны орчимд коронавируст халдварын эрсдэлээс уртдчилан сэргийлж дотоод хяналтыг сайжруулна. ЭМЯ, УОК, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ил тод байршуулна. Сургууль, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбайд 1-1.5 метр зайг барих тэмдэглэгээг заавал хийнэ.
Танхимын сургалтын үед багш ажилтны амны хаалтыг зүүлгэх, биеийн халуун хэмжих, гар халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Багш ажилчид ажлын өрөөнд гадны хүн оруулахгүй, өрөө хооронд сэлгүүцэхгүй, бусад үйл ажиллагаанд сургалтын байрны орчим зохион байгуулахгүй байх. Оюутнууд хичээлээс бусад цагт хүн ихээр цугласан газар аль болох очихгүй байх.
Хичээл анги танхимд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хуваарийн дагуу тогтмол хийж, гаднын хүн нэвтрүүлэхгүй байх. Сургуульд нэвтрэх үед амны хаалт зүүхийг шаардаж, биеийн халууныг хэмжин тэмдэглэл хөтөлнө. Сургууль, дотуур байранд сурагч, багш, ажилчид ус уух боломжийг бүрдүүлэн, өөрийн аяга усны савтай байна. Шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулсан байна. Ариун цэврийн өрөө, угаалтуурт дараалал үүсгэхгүй, 1-1.5 метр зай барих тэмдэглэгээ хийж, тосгуур, угаалтуурыг хоёр цаг тутамд цэвэрлэнэ.
Гаднын иргэнийг дотуур байранд нэвтрэхийг хориглоно. Эцэг эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ тусгай хуваарь, сургуулиас баталсан дотоод журмын дагуу уулзана. Дотуур байрны цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтмол хийж, хувийн ариун цэврийг сахина. Дотуур байранд амьдардаг оюутнууд халуурах, ханиалгах, толгой өвдөх, нус гоожих зэрэг шинж илэрвэл анхан шатны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг мөн бэлдэх шаардлагатай” гэжээ.
Л.Баяр