Нийслэлийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна.
Энэ хугацаанд голын усанд автомашинтайгаа суусан 235 иргэнийг амь насыг хамгаалж, 38 автомашиныг татан гаргаж, аюулгүй болгон ажиллалаа. 2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усны ослын 39 дуудлагад давхардсан тоогоор 400 орчим алба хаагч ажиллаж, 144 хүний амь насыг авран хамгаалаад байна.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна” гэлээ.