Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн юм.
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрлээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн/96.6%/ байна” гэлээ.
Л.Баяр