Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр /2020 оны 8 дугаар сарын 26/ Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
/Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар/
Тэрбээр хэлэхдээ ”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж байна. Сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед бага насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд тусгайлсан түр журмын дор хичээл сургалтыг эхлүүлэхэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар заавар өгөх юм.
Улсын хэмжээнд 3-5 насны 232 435 хүүхэд байгаагаас 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 8 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар нийт 1449 (төрийн 923, хувийн 526) цэцэрлэгт 199,181 (орон нутагт 105,526, нийслэлд 93,655) хүүхэд буюу нийт хүүхдийн 85,7 хувийг цэцэрлэгт хамруулахаар байна.
Цэцэрлэгийн элсэлт бүртгэл, зохион байгуулалтын ажил үргэлжилж байна. 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ улсын хэмжээнд 91,0 хувь байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэсэн төлөв харагдаж байна.
Хүүхдийн цэцэрлэгийн багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил улсын хэмжээнд 78,0 хувьтай байна. 8 дугаар сарын 21-ний байдлаар цэцэрлэгийн 89,0 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ ариутгал хийгээд байна. Улсын хэмжээнд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хичээлийн жилийн туршид 3 удаа хийхээр төлөвлөсөн. Энд шаардагдах санхүүжилтийг улсын төсвөөс хариуцна. БШУЯ НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр цэцэрлэгүүддээ гар ариутгагчийн эхний хангалтыг хүргэсэн. Түүнчлэн ЭМЯ-тай хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмжийг боловсруулан хэвлэн хүргэхээр бэлтгэж байна.
Эх сурвалж: БШУЯ