УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аубакир малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах эсэх, хувийн дунд сургууль болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг заавал урьдчилж төлөх ёстой эсэхийг тодруулав.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “Малчдын хүүхдийг гэр цэцэрлэгээр хүмүүжүүлэхээр төсөлд тусгасан. Ийм туршлага бий.
Яамны зүгээс нэгдсэн бодлогоор хангана. Гол нь гэр цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаас орон нутгийн удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой. Сургалтын төлбөрийн тухайд яамнаас уян хатан буюу улирлаар, сараар болон кредитийн зарчмаар төлбөрөө авах чиглэлийг сургуулиудад өгч байна” гэлээ.
Үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.