УИХ-ын гишүүн С.Амарсайхан хятад компанид 50 га газар олгосон гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн жил гаруйн хугацаанд С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 50 га газрыг хятад иргэдэд өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Би 2019 оны хоёрдугаар сарын 27-ноос энэ оны зургадугаар сарын 17-н хүртэл Улаанбаатар хотын Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд хуулиар олгосон эрх үүргийнхээ хүрээнд газрын зохион байгуулалтай холбоотой шийдвэр гаргасан. 158 газрыг нийтийн эзэмшилд авсан. Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.4 га газар Улаанбаатар хотын банкны мэдэлд байсан. Үүнийг цуцалж нийтийн эзэмшлийн талбайд авсан. Хилийн цэргийн ерөнхий газрын дэргэдэх 2.8 га газрыг буцаан авч тохижуулж, ашиглалтад оруулсан. Богд хааны ордон музей, Чойжин ламын музейн гаднах талбай гэх мэт нийслэлээс санхүүжүүлэн тохижуулсан олон газар бий.
Би ямар нэгэн гаднын компанид 50 га газар олгоогүй. УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга нарт албан бичгээр хандсан” гэлээ.
Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ 50 газрын асуудал яагаад гарсан юм бэ. Нийслэл 50 газар олгох асуудлыг ер нь ярьсан юм уу?
-Нийслэлийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байхад өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газрын хоорондын хэлэлцээрт Монголын тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, туршлага солилцох, технологийн туршлага нэвтрүүлэх чиглэлээр санамж бичигт тусгасан юм билээ. Энэ асуудлаар 50 га газар олгох боломжтой эсэх асуудлыг судалж Засгийн газарт танилцуул, ямар нэгэн байдлаар газар олгох биш, тариалан эрхлэлтийг дэмжих, төмс хүнсний ногоо тариаланчдад туршлага судлах БНХАУ-ын туршлагатай аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө тусгасан юм билээ. Үүнийг 50 га газар олгосон мэтээр ташаа мэдээлэл явуулж байсан.
-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор газар олгосон мэдээлэл гарч байсан?
-Тухайн үед Засгийн газар хоорондын комиссын ажлын төлөвлөгөөнд хүлэмжийн аж ахуйг Монгол Улсад хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, дөрвөн улиралд хүлэмжийн аж ахуйг эрхлэх, хөгжүүлэх ажилд хамтарч ажиллах гэсэн асуудал анх тавигдаж байсан. Одоо энэ ажил ямар хэмжээнд яваа талаар надад мэдээлэл алга.