Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. “Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр 6 хууль хэрэгжиж, хуулийн хүрээнд 1.5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээг үзүүлдэг. Энэ халамж арга хэмжээг аймаг, дүүргийн халамжаар дамжуулан хүргэдэг.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгыг дэвшүүлсэн. Зургаан хуулийн дагуу үзүүлж буй 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг бол эдгээрээс дөрвийг нь өөрийн биеэр очихгүй цахимаар бүртгүүлэн, дансандаа мөнгөө шилжүүлж авах боложмийг бүрдүүлэн өнөөдрөөс эхлэн Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalmj.mn сайтыг нэвтрүүллээ. Ehalamt.mn цахим хуудсаас гадна ТҮЦ машин, Ebarimt системээр тухайн үйлчилгээг авч болох юм. Системийг нэвтрүүлснээр бид төрд байгаа бүхий л мэдээллийн системийг нэгтгэж чадсанаар 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр цахимаар авах болсон. Энэ нь иргэнд ирж буй дарамт, чирэгдлийг багасгаж байна. Цаашдаа сайжруулалтыг тасралтгүй хийж, үлдсэн найман халамжийг цахим системд нэвтрүүлнэ.
Цахим системд нэвтрээд буй тэтгэмж:
- Насны хишиг
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Ихэр хүүхдийн тэтгэмж
Цахим систем нэвтэрснээр уламжлалт арга давхар явах хэдий ч бага багаар шилжүүлэн бүрэн цахимжуулан, дансаар олгодог болгох юм.
Л.Баяр