Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их, дээд сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон. Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ.
Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлэх юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана.
Цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд:
Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их, дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна.
Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар явуулна
Их, дээд сургуулийн онолын хичээлийг 100 хувь цахимаар явуулна
Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө.
Анги танхим, дотуур байр орчмыг халдваргүйжүүлэх ажлыг хийнэ.
Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12000 оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Нийслэлд 38 дотуур байранд 11000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд хүлээн авахаар болсон” гэлээ.