Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр маргааш болно. Энэ өдрийг Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр (2017.05.31) баярын бэлтгэл ажилтай танилцаж холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ажиллах бөгөөд 500 гаруй цагдаа хамгаалалтанд гарч, 14 мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар аж ахуй нэгжүүдэд хяналт тавихаар болжээ.
“Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг эцэг эх, хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилготой юм. Мөн Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цаг хүртэл хаана. Баяраа тэмдэглэж буй хүүхдүүдэд үнэгүй сүү өгөхийн зэрэгцээ зайрмаг бэлэглэх аж.