Коронавирусний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлсэнтэй зэрэгцэн эдийн засгийн идэвхжил буурч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогод шууд нөлөөлсөн.
Түүнчлэн иргэд ипотекийн, хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирсан учраас Монголбанкнаас зээлийн хугацаагаа сунгах боломжийг олгосон шийдвэрүүдийг гаргасан билээ.
Тодруулбал, Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд 2020 оны дөрөвдүгээр сард багтаан тухайн харилцагч банкандаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа ЗУРГАА хүртэлх сараар хойшлуулах боломжтой болсон юм.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн өгч буй мэдээллээр “Харилцагчдын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж дууссан бөгөөд тус зохицуулалтад нийт 38,270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээлийг хамруулаад байна.
Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаас 3 сарын хугацаанд олгохоор болсон бөгөөд үүнд 34,358 зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээл хамрагдах урьдчилсан тооцоолол байна” гэсэн юм.
Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй 34 мянга гаруй иргэний зээлийн хүүний зөрүүд тооцож олгох татааст долоо орчим тэрбум төгрөг олгохоор тооцоо гараад байгаа аж. УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсны дараа уг асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэнэ гэж А.Энхжин хэлж байна.
Мөн тэрбээр “Өмнө нь ипотекийн зээл авахын тулд урьдчилгаа төлбөрт зөвхөн өөрийн эзэмшил дэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах боломжтой байсан бол журамд өөрчлөлт оруулан, хамтран зээлдэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг мөн барьцаалах боломжтой болсон.
Ингэснээр өрх тусгаарлаж байгаа залуу гэр бүл гэх мэт өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй иргэд орон сууцны зээлд хамрагдахад илүү уян хатан нөхцөлтэй болж байгаа юм.
Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаар Нийслэлийн Орон Сууцны Корпорацитай мөн хамтран ажиллаж байна.
Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд 2020 оны эхний хагас жилд Монголбанкнаас хуваарилсан 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд 1646 зээлдэгчид олгосон бөгөөд 2020 оныг дуустал хугацаанд Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 150 тэрбум төгрөг буюу нийт 300 орчим тэрбум төгрөгийг 4,500 орчим зээлдэгчид олгохоор төлөвлөөд байна.
Мөн түүнчлэн Нийслэлийн Орон Сууцны Корпорациас хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 1,000-1,500 орчим тооны төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцтай болохоор тооцоолсон” гэв.
4 comments
энэ шийдвэр арай л биш шүү
Ерөнхийдөө болохтой боломжтой хүмүүс л зээлийн төлөлт хийж байгаа ш дээ. Яахаараа ингэж ялгавартай ханддаг байна. Хүүгийн татаас өгөх байсан бол зээлийн төлөлтөө хийгээд явж болох байсан. Анхнаасаа сонголт хийх боломжтой шийдвэр гаргаж болдоггүй юм уу!!!
Битгий хуц лалараа чиний өмнөөс бүтэн 8 сар хүүг чинь улс Банканд төлж байгаа гичий минь
Арай биш шийдвэр байна. Зүгээр л зээлийн хүүгээ буулгаад өг л дөө!!!