Амралтын өдрийн чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөснөөр дараа долоо хоногийн ажил илүү амжилттай болох болно. Эдгээр таван зуршлыг өөртөө бий болгосноор та ажлын долоо хоногийг амжилттай эхлүүлнэ гэдэгт найдах хэрэгтэй.
Хангалттай сайн унт
Амралтын өдрүүдэд бид ихэнхдээ тогтсон цагийн хувиараа зөрчдөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл оройтож унтах, бараг унтахгүй байх зэрэг нь амралтын өдрүүдэд асуудал биш юм шиг санагддаг. Гэхдээ энэ зуршил таныг Даваа гарагийн өглөө сэрэхэд хүнд байдалд оруулах болно.
Хүн бүрийн унтах нийт цаг өөр. Гэхдээ доод тал нь 6.5-7.5 цаг байх нь түгээмэл. Судалгаанаас харахад бага цагаар унтах нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал нойр дутуу байх нь асуудлаа шийдвэрлэх, сэтгэл хөдлөлөө хянах чадварт асуудал үүсгэдэг байна. Хэрэв нойрны дутагдал удаан үргэлжилбэл зүрхний шигдээс, чихрийн шижин тусах магадлалтай.
Энэ сөрөг нөлөөллүүд таныг бүтэн долоо хоногийн турш эерэг, бүтээмжтэй ажиллахад саад болно. Тиймээс амралтын өдрөөр хангалттай унтаж амрах нь ирэх долоо хоногт илүү амжилттай ажиллахад тус болно гэдгийг санаарай.
Цагийг хөгжилтэй өнгөрүүл
Амралтын өдөр гэдэг ажлаас хөндийрөх өдөр болохоос үргэлжлүүлэх биш. 2010 оны судалгаагаар АНУ-ын ажиллагсадын гуравны нэг нь амралтын өдөр илүү цагаар ажилладаг байна. Амралтын өдрөөр ажиллах шаардлагагүй. Амралтын хоёр хоногийг амрах, дуртай зүйлээ хийх, салхинд гарах зэргээр өнгөрүүлээрэй.
Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет л гэхэд чөлөөт цагаараа укулэлэ хэмээх жижигхэн хөгжим тоглодог гэнэ. Тиймээс ажлын өдөр бүр хийж амждаггүй хүүхдүүдтэйгээ тоглох, уран зураг зурах, ой модоор зугаалах зэрэг хөгжилтэй зүйлсийг хийж бай. Хэрэв аль нэгийг нь хоббигоо болгож амралтын өдрөө зориулж байвал ирэх долоо хоногт ажилдаа илүү эрч хүчтэйгээр орох болно.
Таларх
Амжилтад хүрсэн, дэлхийн шилдэг хүмүүс амралтын өдрөөр бусдад талархдаг. Ажил эхэлнэ гэхээс нэг л таагүй санагдаад байгаа хүмүүст энэ хамгийн шилдэг арга юм.
Учир нь амралтын өдрөөр та өөрийнхөө амьдрал, эргэн тойронд байгаа хүмүүстээ талархаж, уучилснаар шинэ долоо хоногийг эхлүүлэхэд илүү таатай санагдах болно.
Тухайлбал явах ажилтай байгаадаа, амьдрах газартай байгаадаа, таныг хайрлах гэх бүл, найд нөхөд бийд, ер нь өөртөө байгаа бүгдэд талархаж бай.
Үүнийг илүү бодитоор хэрэгжүүлье гэвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ талархах ёстой 3-5 зүйл бич. Жижиг байсан ч хамаагүй. Тэгээд Даваа гарагийн өглөө түүнийг уншсан ч болно. Ингээд илүү сэргэлэн, бүтээлч оюун санаа таныг амжилтад хүргэх болно.
Том зургаар хар
Амралтын өдрийн чөлөөт цаг танд амьдралаа том зургаар харж, дүгнэх боломжийг олгоно. Таны хувийн болон, ажил хэргийн амьдрал ер нь ямархуу явж байна вэ? Хагас, бүтэн сайнд энэ тухай сайтар бодож, ирээдүйгээ төлөвлөж болно. Түр амсхийгээд өөртөө дараах асуултыг тавиарай.
Би ер нь хийж буй ажлаасаа аз жаргалыг авч байна уу?
Гэр бүлийнхээ ирээдүйд итгэлтэй байна уу?
Хэрэв үгүй бол надад ямар өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй вэ?
Өнгөрсөн жил, сарынхаа үйл явцыг эргэж хар. Ямар үр дүнд хүрсэн бэ?. Амьдралаа ийнхүү том зургаар харснаар зөвхөн ажил ч гэлтгүй амьдралын тань хэсэг бүрт амжилт дагуулна гэдэгт итгээрэй.
Ням гарагийн орой төлөвлө
Ихэнх хүмүүс ажлын долоо хоног ирж байгааг бодохыг хүсдэггүй. Гэхдээ Ням гарагийн орой Даваа гарагт хийх ажлынхаа талаар бодож төлөвлөх нь шинэ долоо хоногийг эхлүүлэхэд илүү хялбар байдгийг санаарай.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл маргааш юу өмсөх, хүүхдүүдийг чинь хэн цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх гээд өглөө бүр санаа зовдог асуудлуудаа цэгцэл гэсэн үг.
Өөрөөр хэлбэл Даваа гарагийн өглөө санаа зовох зүйлээ бага байлгахын тулд энэ мэт жижин, сажиг асуудлуудыг Ням гарагийн орой гэхэд шийдвэрлээд дуусгасан байгаарай. Тэгвэл шинэ долоо хоногийг ажилдаа бүрэн төвлөрч эхлүүлэх боломжтой юм.