ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан наймдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Махбалд оногдуулсан 13 жил хорих ялын хэмжээг 11 жил болгон өөрчлөн шийдвэрлэв.
Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, “… Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан байдаг.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх