Японы Окинава мужийн цагдаагийн газар иргэдээ архидан согтуурсан үедээ автомашины дугуйн дор орж унтахгүй байхыг уриалжээ. Мужийн дарга Тадатаки Миязавагийн өгүүлснээр бол хөлчүүрхсэн хүмүүс шууд л зам дээр унаад өгдөг гэнэ.
Гэтэл энэхүү хөнгөн үйлдлээс болоод золгүй тохиолдол олон гардаг байна. Өнгөрсөн жил л гэхэд жолооч нар 16 ийм хүнийг санамсаргүй дайрч, гурав нь нас баржээ. Зарим нь өөрсдөө сэрж байхад заримыг нь хүчээр замаас гаргадаг гэнэ.
“Ерөнхийдөө халуун болон архидалтаас болоод ийм зүйл болдог. Окинава бол Японы хамгийн өмнөд хэсгийн халуун арал бөгөөд өвөл нь ч +9 градусаас доош буудаггүй” хэмээн Миязава өгүүлжээ. Дээрээс нь Японд маш их ядарсан ажилчид гэртээ харих замдаа архи уудаг уламжлал байдаг.
Архиндаа хөлчүүрхсэн зарим нь хөл дээрээ ч тогтож чадахгүй болж, шууд л зам дээр унадаг гэнэ. “Зарим эмэгтэйчүүд хайртай ортойгоо андуураад зам дээр шууд нүцгэлсэн тохиолдол ч олон гарсан” хэмээн мужийн дарга хэлсэн байна. Тус муж анхааруулгаас гадна 50 мянган иенийн торгууль тавих арга хүртэл бодож олсон аж.