ЭМЯ-аас ‘COVID-19’ цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн хэмжээнд 22 сая 303 мянган хүн коронавирусээр өвчилж, 793 мянга гаруй хүн нас баржээ. Харин 15 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 24 цагийн хугацаанд дэлхийн дахинд 255 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6000 гаруй хүн нас барсан байна.
ОХУ-д 24 цагийн хугацаанд 4828 хүн шинээр халдвар авч, 127 хүн нас барсан байна. Сүүлийн хоёр сарын турш халдварын тоо буурч байна. Харин БНХАУ-д 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний долоо нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үзжээ. Япон улсад өвчлөл нэмэгдсээр байгаа бөгөөд 24 цагт 1072 шинэ тохиолдол бүртгэгдэн, 14 хүн эндсэн байна. Тус улсад залуусын дунд халдвар нэмэгдэж байгаа учраас албан хаагчдыг аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа. БНСУ-д 288 тохиолдол шинээр бүртгэгдэж, үүний 12 нь гаднаас зөөвөрлөгджээ.
Аравдугаар сараас эхлээд дэлхийн бөмбөрцөгийн хойд бүсийн орнуудад улирлын томуу гарч эхэлнэ. Тиймээс ДЭМБ коронавируст халдвартай цуг улирлын томуугийн дэгдэлт гарч хүндрэл учруулах эрсдэлтэйг танилцуулаад, улирлын томуугийн вакцинд хүн амыг өргөн хүрээгээр хамруулахыг зөвлөж байна.
Канадын эрдэмтэд өвчтөн ханиаж найтаах үед шүлс 5 метр хүртэл зайд тархаж байгааг тогтоогоод 2 метр зай барих нь хангалтгүй гэж үзэж байгаагаа мэдээллээ.
АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирус чийглэг орчинд хуурай орчинтой харьцуулахад 23 дахин удаан оршиж байгааг тогтоожээ. Чийгшил бага хуурай агаар дуслыг хурдан ууршуулж байгааг тогтоосон тул агааржуулалтыг маш сайн хийж байхыг зөвлөлөө.
АНУ-ын олон мужид сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлсэн ч сургууль дээр халдвар голомтлон гарах болсон учраас үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авч эхэлжээ.
Манай улсын хувьд өчигдөр 80 хүн шинээр ажиглалтад орж, 181 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,099 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 54 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байна” гэлээ.
Л.Баяр