Монгол Улсын Засгийн газраас Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоосон.
Энэ нь үйлдвэрлэлийг хөгжүүлсэн төдийгүй сурагчдын нийгмийн ялгаварлыг арилгаж, тэгш хүртээмжтэй боловсрол олгоход ихээхэн хувь нэмэр оруулж байна.
ХХААХҮЯ, БШУЯ-аас дотоод зах зээлээ хамгаалах, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран “MNS 6814:2019- Сурагчийн дүрэм хувцас. Техникийн шаардлага” стандартыг боловсруулан батлууллаа.
Мөн ХХААХҮЯ-ны захиалга, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”-ийн төслийн санхүүжилт, “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник, туслалцааны төслийн хүрээнд хэрэгжсэн “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааны төслийн үр дүнгээр MNS 4253-1-2019 “ЕБС-ийн 6-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал.
Биеийн хэмжээ”, MNS 4253-2-2019 “6-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ” стандартыг боловсруулан шинээр батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Дээрх стандартууд нь Ерөнхий боловсролын сургуульд суралцагч сурагч багачуудыг эрүүл, аюулгүй, эдэлгээ хэрэглээний шаардлагад нийцсэн дүрэмт хувцсаар хангах үндэслэл болсон төдийгүй үндэсний үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баталгаа болж байна.
Эрхэм хэрэглэгч та бүхэн чанар стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авч нийгэм, эдийн засаг, жижиг дунд үйлдвэрийг хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитоор оруулсанд баярлалаа.
Хүүхдийн биед таарсан Сурагчийн дүрэмт хувцсыг хэрхэн сонгон авах вэ?
Сурагчийн дүрэмт хувцас сонгон худалдан авахад дараах зүйлсийг анхаараарай.
1. Эх орондоо үйлдвэрлэсэн.
2. Хүүхдийн биед таарсан эсэх
3. Оёдлын болон материалын чанарыг харгалзах хэрэгтэй.
Та хүүхэддээ хувцас сонгон авахдаа өндөр болон насыг харгалзан сонголт хийгээрэй.
Хүүхдийн биеийн хэмжээ стандартад заасны дагуу биеийн өндөр, цээжний бүслүүр гэсэн үндсэн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд шинэчилсэн стандартад дүүргэвчийн бүлэг, хүүхдийн насыг оруулсан.
Чанар хэрхэн шалгаж худалдан авалт хийх талаар
Хувцасны чанарыг шалгахдаа оёдол жигд, ханзраагүй, илүүдэл утас гараагүй байхыг харгалзахаас гадна шошго байгаа эзэхийг шалгаарай.
Хувцсанд үйлдвэрлэгчийн шошго, хэмжээний болон угаалга, цэвэрлэгээний шошгыг хадсан байна.
Шошго нь дараах мэдээллийг агуулна. Үүнд:
- Үйлдвэрлэгч байгууллагын нэр
- Хувцасны нэр төрөл
- Хувцасны хэмжээ (чац, өмсгөл хэмжээ, дүүргэвч)
- Хувцасны давхаргуудын материалын ширхэгт
- Арчилгааны зааварыг тус тус тэмдэглэсэн байна.
Угаалгын заавар
Сурагчийн дүрэмт хувцас нь оёмол даавуун болон сүлжмэл хувцаснаас бүрдэж байгаа тул угаалгын горим 2 төрөл байна.
- Даавуугаар хийсэн хувцас буюу хүрэм, өмд, юбкыг хүйтэн бүлээн усаар / 30 хэмийн/ цайруулагчгүй угаалгын нунтгаар угаалгын машины ноосон даавуу угаах горимоор угаана. Угаасны дараа хүрэм, сарафаныг өлгүүрт өлгөж хатаана.
- Сүлжмэл хувцас болох майк, кардиганыг угаалгын машинаар угаах нөхцөлд ноосон бүтээгдэхүүн угаах горимоор, гараар угаар тохиолдолд хүйтэй бүлээн усанд булхуулж угаагаад базаж усыг шавхана. Хавтгай гадаргууд дэлгэж хатаана.