Улаанбаатар хот, 2020 оны 8-р сарын 20
ХААН Банк Сан хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд “Орчин сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн.
Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллыг сонгосон бөгөөд нэг сарын хугацаанд иж бүрэн засварлаж тохижуулсан Нярайн тасгийг 8-р сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө.
Хүүхэд бүр, тэр дундаа нярай багачууд цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд өсөж торних эрхтэй бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг тохилог орчинд авах нь багачууд төдийгүй ээжүүдэд ч таатай билээ. Тэдний хэрэгцээ шаардлагыг олж харсан ХААН Банк Сан дараах бүтээн байгуулалтыг хийсэн юм.
Юун түрүүнд тус төвийн Нярайн тасаг анх байгуулагдахад байсан 11 модон цонхыг вакум цонхоор сольж гэрэл гэгээтэй орчин бий болгожээ. Нарны гэрэл өрөөнүүдийг илчээрээ ээж, орчныг гэрэлтүүлэхэд халуун дулаан мэдрэмж эрхгүй төрж байв.
Нярайн бие хурдан тэнхэрч, чийрэгжихэд агаар, нарны туяа нэн чухал билээ. Коридорын хэсгийн гэрэлтүүлгийг солин, сувилахуйн өрөөнүүдийг сэргээн засаж, цэвэр модон хаалга хийснээр саруулхан зайтай болсон байна.
Тус төвийн нэгдүгээр давхарт байрлах Гүйцэд нярайн хэсгийн сувилгааны өрөөнд нярайг угааж, жинлэх зэргээр эмчилгээнд бэлтгэдэг. Харин хоёрдугаар давхрын Дутуу нярайн хэсэгт дээрх шиг өрөө байгаагүй учир сувилагч нар ус халаагаад өрөө бүрээр зөөж, хааяа даа нярайг нэг давхарт аваачиж угаадаг байв.
Тасгийн ахлах сувилагч Ц.Байгальмаагийн хэлснээр, дутуу төрсөн нярай эмзэг мэдрэмтгий тул энэ зуурт салхи авч ханиад, хатгаа тусах эрсдэлтэй аж. Төслийн хүрээнд Нярайн тасаг стандартын шаардлага хангасан, нярайн асаргаанд зориулсан тусгай угаалтуур, сунадаг шүршүүр зэрэг шаардлагатай эд хогшил бүхий сувилахуйн өрөөтэй болсон.
Засварын багийнхан өрөөний шалнаас эхлээд таазыг хүртэл чийгт тэсвэртэй материалаар хийж сэтгэл гарган урласан байна.
ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “Бид эрүүл мэнд, боловсрол, байгаль орчинныг хамгаалах чиглэлдээр нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн байгууллагатай хамтрахаар төлөвлөсний үндсэнд эрэл хайгуул хийж, Хүүхдийн төв сувилалд хамтран ажиллах санал тавьсан. Эзнээ олсон энэхүү багахан бүтээн байгуулалт олон бяцхан хүүхдэд эрүүл өсөж торних, богино хугацаанд тэнхрэхэд нь тус дэм болно гэж найдаж байна” гэлээ.
Ахлах сувилагч Ц.Байгальмаа “Нярай хүүхдүүдээ ийм гоё цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй орчинд бойжуулж авна гэхээр манай хамт олон сэтгэгдэл их өндөр байгаа.
Анх хараад нулимс цийлгэнэж өөрийнхөө гэрийг засчихсан юм шиг л баярласан. Манайхан бүр орчиндоо зохицуулах гээд бүгд шинэ халат авсан шүү.
Одоо таримал цэцгээр чимэглэнэ дээ. Эмч, сувилагч нар маань олдмол нярайн хувьд ээж нь гэсэн үг. Тийм болохоор бидний хувьд цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд, сэтгэл хангалуун ажиллана гэдэг ажлаа урам зоригтой хийх нэг шалтгаан болж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Дашрамд дуулгахад, ХААН Банк Сангийн өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн орчин сайжруулах төслийн цөөн жишээ дурьдавал, 2018 онд хөгжлийн ялгаатай болон дауны хам шинжтэй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн /ЭНД дарна уу/ эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг бүрэн засварлаж, тохижуулсан.
Харин өнгөрсөн жил Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн Хөгжил мэдээллийн ордны хоёр танхимд хангайн болон говийн бүсийг тохижуулан байгуулж, амрагч хүүхдүүдэд байгаль орчин, олон янз амьтан, ургамлын тухай хичээл заах орчныг бүрдүүлж өгчээ.
Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…