Онцгой байдлын албан хаагчид улсын хэмжээнд гарсан долоон түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр (2017.05.31) Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1 түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал гарчээ. Нийт 66466,8 га талбай түймэрт өртсөн байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 1, Тариалан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулжээ.
Ой хээрийн гал түймэр газар авч нөхцөл байдал хүндэрсэнийг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Албаны хүмүүсийн хэлсэнээр ойрын өдрүүдэд цаг агаар хэт халсанаас үүдэн гал түймэр гарах нь нэмэгдсэн аж. Улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 74 удаагийн гал түймэр гарсан байна.