УИХ-ын ээлжит бус чуулганаар “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон.
Тэгвэл зээлийн хүү бууруулах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг эхний төлөвлөгөөгөө УИХ-ын даргад танилцуулсан байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ажлын хэсэг өчигдөр УИХ-ын даргад эхний төслөө танилцуулсан. Зарчмын шийдлээ гаргасан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжигдсэн байна. Тиймээс энэ долоо хоногт өргөн бариад УИХ хэлэлцээд явах байх. Өнөөдөр зээлийн дундаж хүү 16.3 хувь байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилд дөрвөн нэгжээр буурсан үзүүлэлт. Сүүлийн 30 жилд зээлийн хүү хамгийн сайн буурсан үзүүлэлт. Бидний боловсруулж байгаа арга хэмжээний төлөвлөгөөнд 3-4 нэгжээр буулгахаар оруулсан. Энэ бол нэлээд том зорилт болж байгаа. Эдийн засгийн таагүй нөхцөл байгаа ч Монголбанк энэ зорилтоо хэрэгжүүлж чадна гэж үзэж байгаа” гэлээ.
Л.Баяр