Хүний ой ухаан гэдэг сайжирч засрахдаа хурдан зүйл. Орчин цагийн хэмнэлээс болоод бидний ой ухаан үе үе алдагддаг болсон билээ. Энэ бүгдийн гол буруутан нь ердөө л хэт ядаргаа, нэгэн хэвийн амьдрал юм.
Бизнес дасгалжуулагч, “Буйдан дээрх сая” номын зохиолч Александр Белановский ой ухаанаа сайжруулахын тулд тархиа “манаач нохой” байлгахаа болих хэрэгтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө ямар нэгэн гэнэтийн, ер бусын зүйлсээр гайхшируулж байх хэрэгтэй.
Ингэх нь ч амархан. Энгийн хэмнэлээсээ жаахан хазайхад л биед томоохон “цочрол” болдог байх нь.
Алхам №1: Шинэ газарт ердөө л 10-20 минут саат
Ажлаасаа харьж явахдаа дасал болоогүй замаа сонгоод үз. Юм худалдан авахдаа байнга ордог биш, өөр дэлгүүрээр ор. Тархи тань ямар нэгэн зүйл өөрчлөгдсөнийг соргогоор хүлээн авна.
Алхам № 2: Танихгүй газарт 2-3 цаг бай
Хотын нөгөө зах руу нүүсэн найзындаа зочлон очих юм уу өмнө нь огт байж үзээгүй кинотеатрт очиж болно шүү дээ. Эсвэл шинэ кафегаар үйлчлүүлж ч болно. Олон жил очоогүй тэр газраа очвол таны тархинд шинэлэг зүйл санагдаж, хуучин мартагдсан дурсамж ч сэргэнэ.
Алхам №3: Огт байж үзээгүй газраа бүтэн өдрийг өнгөрөө
Бага хуралд оролцох юм уу, ажлаас санал болгодог элдэв сургалт, өдөрлөг байж болно. Мөн өөр хот руу найзуудтайгаа аялах, эртний хот тууриар явж үзвэл шинэ содон санагдана.
Өөр нэгэн дасгалжуулалт бол шинэ танилтай болох, шинэ мэдлэг олж авах явдал юм. Зарчмын хувьд 15 минут, 2-3 цаг, бүтэн өдөр гээд янз бүр байж болно. Энэ бүгдийг сард нэг удаа хийгээд үз.
Ийм маягийн хөдөлгөөн таныг ачааллаас ангижруулж, тэнцвэрийг олгож, тайван байлгахад тусална. Ийм нөхцөлд та чухал зүйлсийг мартах нь багасна.
Бизнес зөвлөх Павел Лисовскийн хэд хэдэн зөвлөмжийг хүргэе.
• Санах хэрэггүй гэсэн бүгдээ бич
• Үргэлж нэг төрлийн ажил хийхгүйг хичээ
• Удааширч, жижиг асуудалд анхаарлаа хандуул
• Жинхэнээсээ амармаар байвал интернэтээс гар
• Логик, рационал сэтгэлгээг илэрхийлдэг зүүн тархиа ачаалъя, бүтээлч сэтгэлгээний баруунаа ажиллуулъя гэвэл үе үе зүүн гараараа бичих гэж оролдоорой.