Азийн хөгжлийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран Ковид-19 цар тахал нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Судалгааны тайлангаас Монгол Улсын талаарх дүгнэлтийг үзвэл, манай улсын залуучуудын ажилгүйдлийн түвшин 30% хүртэл өсөх эрсдэлтэй байгааг онцолсон байна.
2019 онд энэ үзүүлэлт 25.3% байсан бол 2020 онд 28.5%, урт хугацаандаа 30.4%-д хүрч өснө гэж тооцоолжээ.
Аялал жуулчлалын салбар коронавирусийн цар тахлаар хамгийн хүнд цохилт авсны улмаас зочид буудал, ресторанууд ажилгүйдлийн түвшинд ихээр нөлөөлөв. Есөн улсад энэ салбар 10 ба түүнээс дээш хувиар ажилчдаа алдаж байгаагаас Камбож, Монгол болон Филиппин хамгийн өндөрт тооцогдож байгааг тэмдэглэжээ.
Энэхүү судалгаанд залуучууд гэдэгт 15–24 насныхныг авч үздэг байна. 2020 оны туршид Ази, Номхон далайн бүс нутгийн 13 улсад 10-15 сая залуучуудын ажлын байр үгүй болж болзошгүй талаар судалгаанд дурджээ.
Судалгааны ажлын гол үр дүн:
- 2020 онд Монгол, Энэтхэг, Индонези, Филиппин зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн 13 орны 10-15 сая залуучууд ажилгүй болох эрсдэлтэй байна.
- Бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, тээвэр гэсэн 4 салбарт ажиллаж буй бүс нутгийн 100 сая гаруй залуучуудын ажилгүйдэлд өртөх эрсдэл бусад салбаруудынхаас илүүтэй өндөр байна.
- Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн улмаас сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж байгаатай холбогдуулан залуучуудын салбар хооронд хөрвөх чадвар буурч байна.
- Засгийн газрууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудлуудыг тухайлан авч үзэж, анхаарал хандуулах нь чухал байна.
- Эдгээр сөрөг нөлөөг зөөлрүүлэхийн тулд залуучуудад зориулсан боловсрол, сургалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулах шаардлагатай байна гэжээ.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. Эх сурвалж : IKON.MN