Энэ хичээлийн жилд 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Тиймээс 2 настнуудаа хэрхэн эцэг эхчүүд ажлаа яаж хийх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Төрөөс санхүүждэг хүүхэд харах үйлчилгээний зардал дууссан. Тэгвэл төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээний төсвийг нэмэхийг байнгын хороогоор дэмжлээ.
Тодруулбал боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэхдээ хүүхэд харах үйлчилгээнд нэн шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг тусгахыг гишүүд ийнхүү дэмжсэн юм. Уг зардлыг гаргахдаа салбарын сайдын багцаас танахаар болж байна.
Улсын төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр энэ оныг дуустал уг үйлчилгээ тасалдахгүй хүрэх боломжтой болох юм. Харин ирэх онд хүүхэд харах үйлчилгээг санхүүжүүлэх эсэхийг нөхцөл байдал улсын төсвийн боломж нөөцөөр хамаарч шийдвэрлэнэ гэлээ. 2020 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг холбогдох байнгын хороодын хурлаар хэлэлцэж нэгдсэн чуулганд танилцуулахаар болж байна.
Л.Баяр