УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Эхний өдөр улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Улмаар өчигдөр /2020.08.18/ хоёр дахь өдрөө үргэлжилсэн бол өнөөдөр /2020.08.19/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2020.04.08-ны өдөр шилжүүлсэн байдаг.
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байдаг.