Өнөөдөр эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хамгийн эхэнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгааг албаныхан онцлов.
Тиймээс Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Төсвийн тодотгол хийх шаардлага, үндэслэлд суурилан дараах зарчмыг баримтлан тодотголын төслийг боловсруулжээ.
Иргэд, аж ахуй нэгжийг үргэлжлүүлэн дэмжинэ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангана. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэнэ.
Экспортыг нэмэгдүүлнэ. Экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлнэ.
Цахим шилжилтийг хурдасгана. Иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгоно.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлнэ. Гэрээ байгуулаагүй болон үр ашиггүй төслийг хасна. Дараа он руу шилжих болон ажлын гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулна.
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын тодотголыг онцолъё.
2020 онд нийт 2.1 их наяд төгрөгийн 1438 хөрөнгө оруулалтын ажил батлагдсан. Үүний 511 төсөл нь он дамжин хэрэгжих бол 916 төсөл нь шинээр хэрэгжих төслүүд юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 663.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, гүйцэтгэл 30.8 хувьтай байна.
Шинээр хэрэгжүүлэх 916 төсөл, арга хэмжээнээс 2020 оны долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 663 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулжээ. Үлдсэн 253 төсөл, арга хэмжээ гэрээ байгуулаагүй байна. Гэрээ байгуулсан 663 шинэ төсөл, арга хэмжээнд нийт 117.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх бүх төсөл, арга хэмжээнээс 2020 оны долдугаар сарын 23-ны байдлаар гэрээ байгуулаагүй 262 төсөл, арга хэмжээнээс халуун усны барилга, хорооны цогцолбор, багийн иргэний танхим, соёлын төв, Засаг даргын Тамгын газрын барилга, сумын хүндэтгэлийн өргөө, цэнгэлдэх хүрээлэн, нийтийн эзэмшлийн байруудын дулаалга, засвар, тохижилт, гэрэлтүүлэг болон зарим салбаруудын их засвар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ зэрэг тэвчиж болох нийт 122 төсөл, арга хэмжээний 54 тэрбум төгрөгийг хасахаар төсөлд тусгасан байна.
Мөн 380 шинэ болон шилжих төсөл, арга хэмжээний 456.4 тэрбум төгрөгийг бодит ажлын гүйцэтгэл, Төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн бууруулж, 169 төсөл, арга хэмжээний тендерийн хэмнэлтийн 3.2 тэрбум төгрөгийг хасаж нийт 513.6 тэрбум төгрөг болж байна.
Төсвийн тодотголоор шинээр нэмж хэрэгжүүлэх ХӨСҮТ-ийн лабораторийн барилгыг дуусгаж, тоног төхөөрөмжөөр хангах ажил болон ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв зэрэгт нийт 16 тэрбум төгрөгийг төсөвлөснөөр нийт санхүүжих дүнгийн цэвэр өөрчлөлт 497.6 тэрбум төгрөгөөр буурах аж.