Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурлаар Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Гишүүдийн хуралд 130 хүн оролцож, 123 нь дэмжин, 94.6 хувийн саналаар МҮОХ-ны дарга боллоо.
Олимпын ууган аварга Н.Түвшинбаярын хувьд Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан хүн. Тиймээс ирэх дөрвөн жилд эл үзэл санааг улам түгээн дэлгэрүүлж, Монгол Улсын тамирчид олимпод амжилт үзүүлэхэд илүү их хувь нэмрээ оруулж чанда хэмээн спортын хамт олон нь үзэж байгаа аж.
МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч Н.Түвшинбаярын намтар ба спортын олон улсад гаргасан томоохон амжилт:
-2008 онд Зуны олимпын 29 дүгээр наадмын алт
-2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө
-2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
-2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
-2014 онд Азийн наадмын алт
-2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.
Монгол Улсын түүхэнд 2008 оны энэ өдөр олимпын анхны аварга болсон амжилтыг нь үнэлж, түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолоор шагнасан бөгөөд 2017 онд Чингис хааны одон хүртээсэн байдаг.
Л.Баяр