Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн IV хороо, Сити плаза байрны нэг давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, гурван сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгчээ.
“Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.