Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд 42 настай эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн билээ. Тухайн үед тусгай үүргийн онгоцонд хоёр эх баригч, эмч, олон эмнэлгийн ажилтнууд явж байсан байдаг.
Тэгвэл өнөөдөр ихрүүдийн тусгаарлалтын хугацаа дуусч, ХӨСҮТ-өөс ЭХЭМҮТ рүү шилжиж байна. МИАТ ХХК-аас хоёр ихэрт болон ээжийг нь бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрхээр шагнаж, баярласан талархсанаа илэрхийлж эрхийн бичиг гардуулсан юм.
Онгоцонд хүүхэд төрж байсан тохиолдол байдаг ч ихэр хүүхэд төрсөн нь дэлхийд анхны тохиолдол юм. Харин Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх онгоцонд төрсөн нь хоёр дахь тохиолдол ба ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол ажээ.
Охидууд төрөхдөө 1.4 кг, 1.6 кг төрсөн ба төрөх хугацаа уг нь есдүгээр сард байсан аж. Гэвч долоон сартай дутуу төрсөн байна. Одоогийн байдлаар хэвийн жиндээ хүрээгүй байгаа болохоор Эх нялхас руу шилжиж байгаа ажээ.
Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охинд аав, эгч хоёр нь Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр хайрлажээ.
Л.Баяр