Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломжийг бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад орж байгаа билээ.
Тэгвэл шинэ нисэх маань 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан itom.mn сайтад өгсөн ярилцлагадаа
“Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар нь Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК-тай “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК хэрэгжүүлэхээр болж, 2019 оны есдүгээр сараас эхлэн гэрээ хүчин төгөлдөр болсон”
гэсэн байна.
Л.Баяр