Дэлхий нийтээрээ Ковид-19-ийн цар тахлын улмаас айдас түгшүүртэй хэдэн сарыг үдсэн. Гэсэн хэдий ч хөл хориог бага багаар цуцалж долоодугаар сарын 1-ны өдөр Нийслэлийн Онцгой комиссоос PC тоглоомын газруудаас бусад тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, кино театруудыг үе шаттайгаар нээх шийдвэр гаргасан.
Монгол улсын Нийслэлд хүн амын 23 орчим хувь буюу 15-30 насны залуучууд байдаг. Энэ шийдвэр залуус үзвэр үйлчилгээ, кино театр, цэцэрлэгт хүрээлэн, үндэсний соёл амралтын хүрээлэн, шөнийн цэнгээний газар болон караокены газруудаар үйлчлүүлэх боломжтой болсон.
Залуучуудын хүсэн хүлээж байсан кино театрууд нээгдэж халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн биелүүлж байгаа талаарх сурвалжилга бэлтгэв.
Нийслэлд “Тэнгис”, “Өргөө” гэсэн хоёрхон сонголттой байсан үе ард хоцорч “Гэгээнтэн”, “Prime Cineplex”, “Өргөө-2, 3, 5” гээд хүрээгээ тэлж, тэлэлтээ даган үйлчилгээний чанар, үнийн чөлөөт өрсөлдөөн бий болсон.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үзвэр үйлчилгээний бүх газруудад халдвар хамгааллын дэглэмийн дагуу 17 заалттай албан бичиг ирүүлсэн. Тус журмын дагуу кино театрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Тэнгис кино театрын үүдэнд хамгаалагч залуу “Маскаа зүүж ороорой” гэсэн шаардлага тавив. Амны хаалтгүй хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байлаа. Мөн халуун хэмжигчээр шалгуулаад, гар ариутгагч шингэнээр гараа ариутгав. Үүдэнд гар ариутгагч болон нэг удаагийн амны хаалтыг бэлдэж тавьсан байлаа. Доторх бүх худалдааны ажилчид амны хаалтаа сайтар зүүжээ.
Театрт хөл хөдөлгөөн бага байв. Үйлчлүүлэг нар ч амны хаалтаа зүүжээ. Гэвч ганц нэг хүн амны хаалтгүй харагдана. Явах хэсэгт “Ковид-19 зай барь!!!” гэсэн бичгийг хоёр метр тутамд наасан байлаа. Кино үзвэрийн танхимд сандлын ард дээр мөн адил хоёр метрийн зайтай “Зай барь! Ковид-19-ийн төлөө хамтдаа” гэсэн бичиг наажээ.
Тасалбар авах хэсэг дээр хүмүүс зай барих дэглэмээ сахихгүй нэгнийхээ шилэн хүзүү рүү өнгөлзөнө. Бие засах өрөөний шалыг арчсан, гарын шингэн саван, гар ариутгагч бүрэн байв. Кино үзэж явсан залуу “Залуус бид халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа. Гадаа халуун өдөр масктай явахад үнэхээр хэцүү байдаг. Дотор сэрүүхэн орчинд арай гайгүй” гэв.
Монголын уран сайхны гурван кино, Холливуудын дөрвөн уран бүтээл гарч байгаа аж. Үнийн хувьд монгол кино том хүн 8000, хүүхэд 6000 төгрөгөөр, 2D гадаад кино том хүн 8000, хүүхэд 6000, 3D гадаад кино том хүн 9000, хүүхэд 7000 төгрөгөөр “Тэнгис” кино театрт үзэх боломжтой байна.
Өргөө-2 кино театрт мөн л амны хаалтгүй бол оруулахгүй гэв. Урьдын адил дарааллаар шалгуулж ороод “Зай барьсанд баярлалаа” гэсэн бичиг наасан бичгийг даган явсаар билет борлуулах цэг дээр ирэв. Өргөө-2 кино театр харьцангүй хөл хөдөлгөөн багатай, амны хаалт зүүгээгүй хүмүүс мэр сэр ажиглагдана.
Цар тахлын үеийн дэглэмд ажиллаж байгаа учраас ачаалал эрс багассан, тогтмол ариутгал цэвэрлэгээ хийж, үйлчлүүлэгчид дэглэм баримтлах шаардлага тавин ажиллаж байгааг кино театрын ажилчид хэлж байгаа юм. Салбар болох Өргөө-1кино театрыг гаднаас нь ажиглавал “Орохыг хориглоно” гэсэн туузаар төв хаалгаа хааж засвартай байгаа хэдий ч хойд хаалгаараа үйлчлүүлж байв.
Халдвар хамгааллын дэглэмээ мөн л адил хэрэгжүүлж байв. Гол онцлог нь 13-аас дээш насныханд үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Аль болох цаасан мөнгө ашиглахгүй картаар тооцоо хийх, бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар бүх үйлчилгээ зохицуулахыг хичээж байгаа гэдгийг “Өргөө-1” кино театрын ажилтан хэллээ.
“Өргөө-1”, “Өргөө-5” кино театрт энгийн 2D бол 3D киног том хүн 8000 төгрөгөөр, хүүхэд 6000 төгрөгөөр, “VIP” Суудлууд 10 мянган төгрөгний үнэтэй байна. Бүх кино кино театруудыг хоёр цаг тутамд ариутгаж, агаар сэлгэж байгаа гэнэ. Бүх кино театруудын суудал бүр 1,5-2 метрийн зайтайгаар төлөвлөсөн бөгөөд хосоороо орж байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан суудал бэлдсэн гэв.
“Хүннү” Синема нь “Хүннү” молл худалдааны төвийн хаалганууд дээр хамгаалагч нар халдвар хамгааллын дэглэмээ сахин маск зүүхийг шаардав. “Хүннү молл” мөн ялгаагүй худалдааны төв учраас хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэвч “Хүннү Синема” түр хугацаанд засвартай, дараа долоо хоногоос үүд хаалгаа нээнэ гэлээ.