Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
– Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов.
– “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдэнэ.
Зорилтууд хэрэгжсэнээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх юм. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна гэж тооцоолж байна.
– Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм.
Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.
– Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.