ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөж байна.
Тэрбээр “Томуугийн вирус гэдэгт томуугийн H1N1, томуугийн А хүрээний Н3N2 болон томуугийн В вирус орно. Манай улсад аравдугаар сараас тавдугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе явагддаг. ХӨСҮТ-өөс гадна дөрвөн салбар лабораторит вирусийн эргэлтийг хянадаг. Өөрөөр хэлбэл Дорнод, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт хүн амын дунд дэгдэж буй вирусийг жилийн туршид хянаж байдаг. Манай улс вирус судлалын глобал сүлжээнд холбогдсон лабораторитой. Тийм ч учраас коронавирусийн халдварыг алдахгүй хянаж байна.
Томуу, томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн 4-5 хувийг эзэлбэл томуугийн өвчлөл эхэлж байна гэж үздэг. Одоогоор энэ төрлийн өвчин амбулаторийн үзлэгийн 2.3 хувийг эзэлж байгаа тул бид бэлтгэлээ хангаж байна.
Томуугийн улирал ойртохын зэрэгцээ хичээл, сургууль орох дөхөж байгаа тул эцэг, эхчүүд одооноос хүүхдийнхээ дархлааг сэргээж, чийрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Одооноос хүүхдээ ханиаж, найтаахдаа ам хамраа дарах, амны хаалт зүүх зэрэгт дасгаж, бэлдэх шаардлагатай. Өглөө, оройдоо сэрүүн байгаа тул иргэд улирлын томуугаас сэргийлэх бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй” гэлээ.