Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа.
Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ.
Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав.
ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбайг эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 метр.кв талбайг эзэмшиж байгаа аж.
Тус сургууль хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмлөж 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан зөрчил гаргасан байна. Барилгын орц, гарцыг хийхдээ мөн л эмнэлгийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халджээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавина, арга хэмжээ авч ажиллана.
2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсч байна. Гараж барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан, албан хаагчид санаа зовниж, гарч ирсэн байна.
Эмнэлгийн ажилтнуудад та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий, харин үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хууль бус газрын маргаан иргэдийн амьдарч буй газар руу хүртэл орж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн эзэмшил газар руу хувийнхан дураараа ингэж халдаж болохгүй. Энэ байдлыг бүрэн зогсоох ёстой.
Нэг эмнэлгийн асуудал мэт боловч өөр олон эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халддаг жишээ олон бий. Ийм явдлыг бусад эмнэлэг, төрийн өмчит газарт гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Хотын дарга энэ асуудалд анхаарч, шуурхай ирж ажиллаж байгаад баяртай байна” хэмээлээ.
ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг “МҮИС эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа дайрч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ үйл явдал дахин болсон учир бид Хотын даргад болон холбогдох мэргэжилтнүүдэд хандсан юм.
Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Хотын дарга хэлж байна” гэв.
Зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа
Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны төлөөллүүдтэй уг асуудлаар шуурхай хуралдсан юм.
МҮИС зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн хашааг буулгаж, барилгын үйл ажиллагаа явуулснаас гадна эмнэлгийн эргэн тойронд зөвшөөрөлгүй барилга барьж буй зөрчил мөн байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “МҮИС өнгөрсөн амралтын өдөр хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ эмнэлгийн эзэмшил газрын хашааг буулгаж, тохижилт хийсэн зөрчил гарлаа.
Газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна. Мөн хууль бусаар зөвшөөрөлгүй хийгдсэн тохижилтын ажлыг албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээг авна. Одоогоор Газрын албанаас тухайн аж ахуйн нэгжид хоёр удаа албан бичиг хүргүүлсэн” гэлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “МҮИС 2013 онд сургуулийн өргөтгөлийн барилгыг барихдаа эмнэлгийн газар руу хэтрүүлэн барилга барьсан зөрчил гарсан.
Үүнээс гадна 2019 онд газар доорх гаражийн барилга архитектор төлөвлөлтийн зөвшөөрөл авсан байдаг. Авто зогсоолыг 18:42 хэмжээтэйгээр барих ёстой боловч зөвшөөрөлгүйгээр тэлж барьсан байгаа юм. Мөн иргэн н.Хонгорзулийн эзэмшил газартаа номын сан барих архитектор төлөвлөлтийн даалгавар авсан боловч тэлж суурин нүх ухсан байдалтай байна.
Эдгээр барилгууд зөвхөн архитектор төлөвлөлтийн даалгавар авсан бөгөөд барилгын эх загвар зураг нь батлагдаагүй. Барилгын эх загвар зураг батлагдаагүй гэдэг нь барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Иймд зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэж ойлгож болно” хэмээв.
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “ЭХЭМҮТ-ийн газартай холбоотой маргааны дуудлага ирсний дагуу бид газар дээр нь ажилласан. Хариуцсан хяналтын байцаагч ажиллахад МҮИС өөрийн батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу зөвшөөрөлгүйгээр халдсан нь тогтоогдсон.
Бид тухайн аж ахуйн нэгжид манайхаас хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан үндэслэлээр дараагийн шатны арга хэмжээг авна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэгдүгээрт, ЭХЭМҮТ-ийн газрын асуудлыг шийдвэрлэж, аюулгүй орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажилла. Хоёрдугаарт, хууль зөрчөөд байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг НЗДТГ-ын даргаар ахлуулан байгуулна. Ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл орно.
Мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй барилга барьсан, эзэмшил газарт халдсан асуудлыг судалж, газар дээр нь ажиллаж, холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэр гарга. Архитектор төлөвлөлтийн даалгавартай байж барилгын ажлыг эхлүүлдэг, техникийн нөхцөлөө хангаагүй байж барилга барьдаг бөх зүрхтэй байгууллагуудад хяналт тавьж ажилла.
Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож ажилла” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс