Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.11/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс, бүс нутагт Ковид-19 бүртгэгдэж, 20 сая хүн өвчилж, 736 мянган хүн эндээд байна. Харин 13 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин гуравхан хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авсан байна.
Дэлхийд 24 цагийн дотор 253 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн эндлээ.
ДЭМБ-ын захирал “Халдвараар олон хүн халдварласан хүнд үе ирж байна. Гэхдээ бидний урьдчилан сэргийлэх ажил хэзээ ч хоцрохгүй. Улс орон бүр нэгдэж коронавирусийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Хүн бүрийн оролцоо хүчил зүтгэл хэрэгтэй. Улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээх, ялангуяа сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ өндөр сэрэмжтэй байх шаардлагатай” гэдгийг хэллээ.
Энэтхэгт 53 мянга, АНУ-д 48 мянга, Бразилд 22 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна. Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5118 гаруй хүн шинээр халдвар авч, 70 хүн энджээ.
БНХАУ-д 115 тохиолдол шинээр бүртгэгдсэний 31 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол Япон, Солонгос улсад сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 800 гаруй хүн халдвар авч, таван хүн эндсэн байна.
АНУ-д нэг сарын хугацаанд 180 мянга гаруй хүүхэд өвчилжээ. ОХУ-ын судалгааны байгууллагаас тус улсад цар тахлын хоёрдугаар давлагаа аравдугаар сард болно гэжээ. Энэ нь одоо байгаагаас илүү хүнд нөхцөл байдал үүснэ гэж үзсэн байна.
Манай улсын хувьд 3147 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт байна. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэлээ.