УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дэлхийн Банкнаас Монгол Улсын хөгжлийн гол асуудлуудад анхаарал хандуулсан бодлогын зөвлөмж бүхий баримт бичиг боловсруулснаа УИХ-ын даргад гардуулж, санал солилцов.
УИХ-ын дарга Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтуудад нийцсэн иж бүрэн бодлогын зөвлөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийллээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд нээлтээ хийж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд Дэлхийн Банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.
Мөн банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр Ажлын хэсэг байгуулсныг дуулгаад эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд экспортын үйлдвэрлэлд суурилсан зээл хэрэгтэй байгаагаа онцолсон.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай өнгөрөгч долоодугаар сард биечлэн танилцсанаа дурдаад уг бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгах шаардлагатай байгааг онцлоод Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлж, экспортыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн талууд Монгол Улсад Дэлхийн Банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.