Хоол ундаа зохицуулж хэрэглээгүйн улмаас нойр булчирхайн үхжилт үрэвслээр нас барах тохиолдол сүүлийн үед ихэссэн гэх мэдээлэл байна. Энэ талаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын зөвлөх зэргийн эмч, профессор Ц.Ишдоржтой ярилцлаа.
– Нойр булчирхайн үрэвслээр нас барах тохиолдол сүүлийн үед ихэссэн гэх мэдээлэл байна. Өмнөх жилийнхтэй харьцуулбал хэр олон хүн уг өвчний улмаас мэс засал хийлгэж байна вэ?
-Хуучин бол жилд арав орчим хүн нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр хагалгаанд ордог байсан. Гэтэл энэ жилийн баяр наадмын дараа нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчлөлийн тоо маш их нэмэгдэх боллоо. Үүнтэй холбоотойгоор уг өвчний мэс засал ихэсч ачаалал их болж байна.
Наадмын дараа гэхэд манай эмнэлэгт нойр булчирхайн үхжилт үрэвслээр 20 гаруй иргэн ирж хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгээр иргэдээс 20 хувь нь амьд үлдэх боломжтой.
Дэлхийн судлаачдын гаргасан мэдээллээр нойр булчирхайн цочмог буюу үхжилт үрэвслээр өвдвөл 80 орчим хувь нь олон эрхтний дутагдалд орж хүндэрч нас бардаг бол 20 орчим хувь нь амьд гардаг.
-Нойр булчирхайн цочмог өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь юу вэ?
-Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэдэг өвчин бол бидний идэж, ууж байгаа хоол ундтай маш их уялдаа холбоотой байдаг. Уг өвчний 95-98 хувь нь архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тостой хоол буюу хорхог, шорлог, шарсан хуурсан мах, шарсан гахайн мах зэргийг хязгааргүй хэрэглэж байгаа нь энэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Тэгвэл хоёр хувь нь цөсний замын бөглөрөлтэй холбоотой. Гэтэл цөсний бөглөрлөөс шалтгаалж өвдсөн нэг ч хүн манай эмнэлэгт ирээгүй байгаа нь согтууруулах удааны хэрэглээ их байгаатай шууд хамааралтай байгаа юм.
Нойр булчирхай гэдэг өвчин анагаах ухаанд маш хүнд өвчний нэгд тооцогддог. Уг өвчин өөрөө өөрийгөө үрэвсүүлээд эргэн тойрны эд эрхтнээ хайлуулж, нүхжүүлж байдаг учраас нас барах тохиолдол их. Мөн эмчиллэхэд маш их цаг хугацаа, зардал мөнгө шаардагдаг. Тухай өвчнөөр өвдсөн хүний ар гэрийнхэнд санхүү, болоод сэтгэл санааны хувьд хүнд байдаг билээ. Эмч нарын хувьд маш удаан хугацаагаар эмчилгээ, сувилгаа хийдэг юм.
-Тухай өвчнөөр өвчилсөн хүнд удаан хугацаагаар эмчилгээ хийдэг гэж байна шүү дээ. Хэд хоног эмчлэх вэ?
– Бидний практикт тохиолдсоноор бол нойр булчирхайгаар өвдсөн хүнийг 100-120 хоног тасралтгүй эмчилгээ хийж, нэг удаагийн мэс засал биш олон удаагийн мэс засал хийж байж нийт өвчилсөн хүний 20 хувийг л аварч чаддаг. Иймд уг өвчин хэр хүнд өвчин болохыг илэрхийлж байгаа юм.
-Уг өвчнийг эмчлэхийн тулд яг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасагт 20-80 орчим насны 16 орчим хүн эмчлэгдэж байна. Нойр булчирхайн нүхжилт үрэвсэлт өвчин нь хэд хэдэн янзаар явагдана. Эмгэг голомт нь хаана байрлаж байгаагаас шалтгаалаад олон ангилж үзнэ. Нойр булчирхайн толгой хэсэг, их бие хэсэг, сүүл хэсгийг хамарсан байна уу гэдгээс шалтгаалж эмчилгээ бүр өөр өөр.
Мөн нойр булчирхайн үрэвсэл нь халдварлагдсан байна уу? , халдварлагдаагүй байна уу ? гэдгээс шалтгаалаад эмчилгээ бүр харилцан адилгүй хийгддэг. Хэрэв бусад эрхтэнд халдварлаагүй тохиолдолд дотрын эмч нар удаан хугацаагаар эмчилнэ. Харин халдварласан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. Мэс заслын эмчилгээ хийгдээд эхлэхээр олон удаагийн мэс засал хийдэгт хэргийн учир байгаа юм.
-Тэгэхээр нэг хүнд хэдэн удаагийн мэс засал хийх үү?
-Манай эмнэлэг өдөрт 50-60 мэс засал хийдэг. Үүн дотор нойр булчирхайн өвчинтэй холбоотой өдөрт 2-3 удаагийн мэс засал хийж байна. Сүүлийн долоо хоногт хагас бүтэн сайнгүй нойр булчирхайтай холбоотой мэс засал хийж байна.
Мөн практикаас харвал 2-14 удаагийн мэс засал, давтан угаалгыг хийж байж тэр хүн амьд үлдэх боломжтой болдог. Гэтэл бид хагалгаа, угаалгаа хийсээр байтал ихэнх өвчтөнөө алддаг нь харамсалтай.
-Эмчилгээ хийх явцад эм, шаардагдах материалын хувьд хэр хүрэлцээтэй байдаг вэ ?
-Монголын эмнэлгийн нөхцөл байдалд уг өвчнийг эмчиллэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар тийм тоног төхөөрөмж байхгүй бол энэ хүн нас барлаа гэсэн ноцтой тохиолдол алга.
-Энэ өвчнөөр залуу хүмүүс өвчиллөх нь их болсон. Энэ өвчин яагаад залуужаад байна вэ?
– Яагаад нойр булчирхай гэх өвчнөөр залуучууд их өвчлөөд байна вэ гэхээр согтууруулах ундааг хэтэрхий их хэрэглэсэнтэй шууд холбоотой. Жишээ нь өнөөдөр мэс засал хийлгэх гэж байгаа нэг хүн байна. Уг өвчтөн харамсалтай нь залуу хүн. Яагаад энэ өвчнөөр өвчиллөх болсон асуумж судалгаа авдаг. Асуумж судалгаа авах үед би сар орчим архи уулаа. Өдөрт 2-3 шил 750 граммын архийг уудаг хэмээн ярьж байгаа нь үнэхээр харамсалтай. Залуучууд архи дарсны хэрэглээгээ багасгахгүй бол энэ өвчин өдрөөс өдөрт нэмэгдээд байна.
Уг өвчин ОХУ-д маш их байдаг. Намайг 2005 онд ОХУ-д суралцаж байх үед нэг мэс заслын тасагт нь 40 гаруй хүн нойр булчирхайн өвчиндөө шаналан хэвтэж байдаг. Энэ янзаараа байвал манай улсад мөн ялгаагүй болно.
Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс 20-80 насныхан. Бүгд эрэгтэй хүмүүс.
-Уг өвчнөөр өвдвөл ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Нойр булчирхайн үхжилт үрэвслээр өвдсөний дараа хэвлийгээр маш хүчтэй 30-60 хоног өвдөх, гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Уг өвчний эмгэг голомт хаана байрлаж байгаагаас шалтгаалаад шинж тэмдэг өөр өөр байдалтай илрэх юм. Дээрээс нь эмгэг голомт нойр булчирхайн толгойн хэсгийг нүхжүүлсэн байна уу? , эсвэл эх бие, сүүл хэсэг нь үү гэдгээс шалтгаалаад янз бүрийн эмнэг зүйн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, уг өвчин эхлээд бөөрний дутагдал, хэвлийн дотоод даралт ихсэх хам шинж гэдэг эмгэгээр илэрвэл амьд үлдэх магадлал бага. Нойр булчирхайн толгойн хэсэг нь үхжээд явбал бараг 100 хувь нас барна. Харин нойр булчирхайн эх бие, сүүл хэсэг нь үхэжвэл тухай хүнийг аврах боломжтой.
-Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Маш энгийн, ууж идэж байгаа зүйлээ зөв, зохистой хэрэглэх. Яаж өөрийгөө нойр булчирхайн үхжилт гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ гэхээр архитайгаа цуг шарсан мах, шорлог, гэх мэт өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг маш их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Ингэж чадвал уг өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна. Аливаа зүйлийг хэрэглэх тунгаас нь илүү хэрэглэхгүй байх гэдэг зүйлийг баримталж байх нь чухал.